МАН-ын Бага хурал дөнгөж сая өндөрлөлөө. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан юм. Хуралд оролцогчид нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг 100 хувийн саналаар дэмжлээ. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл ороход Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатаас гадна С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар нэр дэвшээд байсан. Гэвч С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар сайн дураар нэрээ татсанаар бага хурлаар зөвхөн нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг дэмжих, эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Бага хурлын дэгийн дагуу удирдах зөвлөлөөс гадна бага хурлын үеэр заалнаас хүн нэр дэвшүүлэх боломжтой. Гэхдээ гишүүд заалнаас хэн нэгнийг нэр дэвшүүлсэнгүй.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатын товч намтар
Төгссөн сургууль, мэргэжил
- 1981 – 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль
- 1992 – 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
- 1997 – 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
- 2002 – 2004 онд Удирдлагын академи
- 2003 – 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал:
- 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогч
- 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
- 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
- 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
- 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
- 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
- 2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
- 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2010 онд Алтангадас одон