Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд хувийн орон сууц, өндөр өндөр сүрлэг байшин барилга их баригдаж байгааг хараад улс маань хөгжиж байна гэдэг. Гэвч бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрүүл, аюулгүй, орчин нөхцөлд өсгөж, хүмүүжүүлэн, сургаж чадаж байгаа болов уу? Жил жилийн намар хүүхдүүдээ цэцэрлэгт оруулахын тулд эцэг эхчүүд халуун нар, хавсрага салхи, шөнө өдрийг ялгалгүй хэдэн өдөр үүдийг сахин зогсож байж азтай аавын хүүхэд нь цэцэрлэг хэмээн их өргөөны хаалгыг татан ордог. Энэ бол зөвхөн нийслэл Улаанбаатар хотод болдог үйл явдал биш юм. Хөдөө орон нутагт ч мөн энэхүү үйл явдал ялгаагүй гардаг билээ. Эцэг эхчүүд улсын цэцэрлэгт хүүхдээ хамруулж чадаагүй бол хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүдэд өндөр төлбөр төлөн хүүхдүүдээ даатган өгдөг. Тэдгээр хувийн цэцэрлэгүүд хэрхэн хүүхүүдэд боловсрол олгодог бол, Ямар хоол ундаар үйлчилдэг бол, багш нар нь ажлын туршлага мэргэжилтэй болов уу гээд маш олон асуулт урган гарна.
Саяхан 10-хан сартай бяцхан хүүхдийг цэцэрлэгийн багш нь хооллож байхдаа зодож буй бичлэг цахим ертөнцөд дуулиан тарьлаа. Энэхүү бичлэгийг үзсэн эцэг эхчүүдэд бидэнд хандан хүүхэд зодож буй багшид хариуцлага тооцсон эсэх талаар эргэн мэдээллэж өгөхийг хүссэн юм. Зодуулсан хүүгийн аав болох Э.Бат-Очир энэ талаар "Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт явдаг. Улсын цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй тул хувийн цэцэрлэгт өгсөн. Гэтэл өнгөрсөн аравдугаар сарын 19-ний өдөр тэр бичлэгийг хийсэн байтал бид бараг хоёр сарын дараа мэдсэн. Ер нь цэцэрлэгийн багш нар хүүхэд зоддог гэх мэдээллийг өмнө нь сонсч байсан. Гэтэл миний хүүг ингээд зодно чинэээ үнэндээ төсөөлөөгүй. Хүүгээ зодуулж байгаа бичлэгийг хараад үнэхээр шоконд орсон. Хүү маань цэцэрлэгээс ирэхдээ их өлсчихсөн ирсэн л дээ. Тэгэхээр нь хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө удирдлагуудад нь гомдол мэдүүлсэн. Хүүхэд гэртээ ирэхдээ өлсөж ирээд байна, хоолыг нь жаахан нэмж болдоггүй юм уу гэж хэлсэн юм. Харин цэцэрлэгийн эрхлэгч нь төрсөн дүү болох тогоочдоо манай хүүхдийн хоолыг нь нэмж өгөөрэй, ар гэрийнхэн нь гомдол мэдүүлсэн гэж хэлсэн юм шиг байна билээ. Гэвч нөгөө тогооч нь тэр хүүхдийг би өөрөө хооллоно гэж нэлээд шаралхаад орохоор нь багш нь утсаа бичлэг дээр нь тавиад цонхон дээрээ байрлуулчихсан юм билээ. Тэр тогоочийг Ж.Отгонтөгс гэдэг. Цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү. Тиймээс бусдынхаа дэргэд илүү давуу эрхтэй, бусад багш нараа дээрэлхдэг байсан гэж байгаа юм. Бид аравдугаар сарын 19-ний өдрийн цэцэрлэгийн бичлэгийг шүүлгэхэд тийм бичлэг байгаагүй. Харин бичлэгийг ангийнх нь багш гар утсаараа хийсэн юм билээ. Учир нь багш нь тэр тогоочийг урьд нь хүүхэд зоддог гэдгийг мэддэг байсан гэсэн. Тэгээд баталгаажуулах байдлаар хийсэн юм шиг байна лээ. Яагаад болиулаагүй гэхээр тэр тогооч хүүхнээс айсан гэсэн. Тэр тогооч эмэгтэй захирлынх нь дүү гэдэг утгаараа их эрх мэдэлтэй, бусдаар юм хэлүүлдэггүй ааштай. Бичлэг хийсэн багшийн хувьд залуу хүн. Ажлаас халагдахаас айсандаа тухайн үед болиулж чадаагүй гэсэн. Хэд хэдэн удаа ийм үйлдлүүд гаргаад байхаар нь багш нь тогоочид хэлсэн байгаа юм. Гэтэл "Чамд хамаагүй. Ажлаас чинь халуулчихаж чадна шүү. Ажилтай байх эсэхийг чинь би шийднэ” гэх зэргээр дарамталсан байсан. Тэгээд л ямар нэг аргаар энэ бузар булайг илчлэхийн тулд нууцаар ч болов бичиж авсан нь энэ юм билээ. Манай хүү цэцэрлэгт явж эхэлсэнээсээ хойш их муухай аашлах болсон. Зан ааш нь эвдрээд цэцэрлэгт явж эхэлсэн үеэсээ л толгой нь өвдөж, халуурдаг болсон. Эмнэлэгт үзүүлэхээр рахиттай байна, гэдэс нь гүйлгэж, толгой нь өвддөг ийм ханиад гадуур байгаа гэх мэтчилэн эм бичиж өгдөг байсан. Одоо хүү маань унтаж байхдаа гар, хөл нь татдаг, толгойгоо сэгсэрч уйлаад байдаг болсон. Аймгийн эмнэлгээс тоймтой юм хэлэхгүй байгаа учраас ажлаасаа чөлөө аваад хүүгээ хотод үзүүлэх талаар бодож байна. Одоо бодоход багшдаа зодуулдаг байснаас л болж гэж бодож байна. Хэдэн ч удаа зодсон юм, бүү мэд. Уг нь 12-р сарын 01-ний орой бид бичлэгийг олж хараад, 02-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт очиж хандахад “Оюуны хөгжил” цэцэрлэгийг “Хаана” гээд лацаа аваад гарсан ч тэр өдрөө хаагаагүй байсан. Харин өчигдөр хааж, хүүг маань зодсон тогооч болон бичлэг хийсэн багш хоёрыг ажлаас нь халсан гэдгийг мэдэгдсэн. Бид хүүхдийг маань зодсон эмэгтэйд гомдолтой байна гээд Дундговь аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Одоогоор хэргийг шалгаж байгаа" хэмээсэн байна.
Д.Дорждэрэм