8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Оюумаа: Санал хураалтын дүн, явцыг шууд, ил тод дамжуулна

2016-06-24 12:30:00

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн дараа сонгууль боллоо. Сонгуулийн бэлтгэл ажил хэр явцтай байна вэ?

-Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Хамгийн гол томоохон ажил бол саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх,  саналын хуудас тоолох төхөөрөмжийг санал авах байруудад хүргүүлэх байсан. Аймаг, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд хүргүүлж дуусаад байгаа. Мөн өнөөдөр туршилтын санал хураалт явуулж, санал тоолох төхөөрөмжүүд санал авах байруудад хүргэгдсэн эсэх, санал хураалтын үр дүн, явцын мэдээллийг дамжуулах хугацааг тодорхойлно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, саналаа хэрхэн өгөх зааварчилгааг хүргүүлж байна.

-Сонгогчдын ирц, идэвх буурах хандлагатай байгаа. Энэ жил сонгогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлж байна гэсэн. Тэднийг сонгуульд оролцуулах чиглэлээр ямар ажил хийж байгаа бол?

-Сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалсан сурталчилгааны ажлыг хийж байгаа. Залуучуудад хандсан төсөл олон улсын байгууллагаар дамжин хэрэгжсэн. Ер нь бол ирц буурч байгаа хэд хэдэн шалтгаан бий. Юуны түрүүнд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Иргэд оршин сууж байсан газрынхаа бүртгэлээс хасуулчихаад шилжиж очсон газраа бүртгүүлдэггүй. Нөгөөтэйгүүр Улаанбаатарт иргэд саналаа өгөхдөө хойрго хандах нь их. Гэтэл хөдөө орон нутагт 100-гаад км-ийн цаанаас ирж саналаа өгөх жишээтэй. Тэгэхээр хүмүүсийн идэвх, оролцоотой бас холбоотойгоор сонгуулийн ирц өөр өөр байдаг.

-Санал авах машинд өөрчлөлт гарсан гэсэн мэдээлэл байсан. 22.00 цагаас хойш хурууны уншихгүй гэх мэт. Энэ талаар тодруулна уу?

-Улаанбаатарын цагаар санал хураалт 07.00-22.00 цаг хүртэл үргэлжилнэ. 22.00 цаг гэхэд сонгогчийн бүртгэлийн программ хаагдана. Тэгэхээр 22.00 цаг гэхэд хурууны хээгээ уншуулаад саналын хуудсаа авсан сонгогч саналаа өгнө. Хоцорсон бол санал өгөх боломжгүй.

Сонгогч саналаа тэмдэглэхдээ заавартай маш сайн танилцах хэрэгтэй. Саналын хуудсан дээр хэдэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэж байна тэр дагуу тэмдэглэгээ хийнэ. Нийслэлийн сонгогчид УИХ-д нэг, НИТХ-д нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх онцлогтой. Аймаг орон нутгийн сонгогчийн хувьд тухайн тойрогт хэдэн мандат ногдож байна гэдгээс хамаарна. Тухайлбал таван  мандаттай газар таван нэр дэвшигчийг тэмдэглэнэ.

-Хэрэв таван мандаттай тойрогт гурван нэр дэвшигчийг тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцох уу?

-Үгүй. Өмнө нь бол хүчингүйд тооцдог байсан. Энэ жил сонгогчийн санал гээгдэхээс сэргийлж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, таван мандаттай газар гурван нэр дэвшигчид санал өгсөн хуудас хүчинтэйд тооцогдоно. Харин зургаан нэр дэвшигчийг буюу илүү тэмдэглэвэл хүчингүйд тооцогдоно. Сонгогч санал тоолох машинд хуудсаа хийгээд “Таны санал амжилттай уншигдлаа” гэсэн мэдээлэл дэлгэцэнд гарч иртэл хүлээнэ. Буруу тэмдэглэсэн юм уу эсвэл санал тоолох машин уншихгүй буцааж гаргасан тохиолдолд сонгогч дахин нэг удаа саналын хуудас авах эрхтэй.

-Санал хураалтын явцын дүн мэдээллийг яаж дамжуулах вэ?

-Сонгогчдын ирцийн мэдээг 12.00, 17.00, 22.00 цагт дамжуулна. Санал хураалтын явцын мэдээг мөн адил дээрх цагуудад дамжуулна. Үүний зэрэгцээ санал хураалтын дүн мэдээг шууд дамжуулахаар бэлтгэл хангаж байна. Тэгэхээр 22.00 цагаас хойш сонгуулийн аль хэсгийн мэдээ ирж байна гэдгийг шууд дамжуулах юм. Тухайн тойргийн аль хэсгийн хороонд нэр дэвшигчдэд өгсөн санал шууд харагдана гэсэн үг. Шуурхай, ил тод, шууд дамжуулна.

–Сонгогчийн нэрсийн жагсаалтад хэчнээн сонгогч бүртгэлтэй байна вэ. Иргэний үнэмлэхээ гээсэн ч санал өгөх эрхтэй гэсэн. Энэ талаар..?

-Сонгочийн нэрийн жагсаалт 2016 оны 03 дугаар сарын 1-нд www.burtgel.mn сайтад тавигдахдаа 2 сая 48 мянга 800 гэж байсан. Хамгийн сүүлийн бүртгэлээр 1.8 сая хүрэхтэй үгүйтэй байна. Энэ нь өнөөх л шилжилт хөдөлгөөн, бүртгэлээс хасагдсан, бүртгэлээс хоцорсон хүмүүстэй холбоотой. Нэлээн олон хүн “түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй байгаа. Эдгээр хүмүүс хэрэв санал авах өдөр шууд ирээд саналаа өгнө гэвэл нээлттэй. Ер нь сонгуулиас өмнө сонгогч санал авах байранд очиж нэрсийн жагсаалттай танилцах хэрэгтэй.

Иргэний үнэмлэхээ гээсэн үрэгдүүлсэн хүмүүсийн хувьд хурууны хээгээ уншуулаад танигдсан тохиолдолд саналаа өгч болно. Хуульд сонгогч хурууны хээгээ шалгуулаад бүртгэлийн хуудас авна гэж заасан. Мэдээж бичиг баримт нь байгаа хүмүүс аваад очих хэрэгтэй. Хэрэв хурууны хээ унших төхөөрөмж ажиллахгүй, хурууны хээ баларснаас болоод уншихгүй бол бичиг баримт хэрэгтэй шүү дээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment