Улс төрийн намуудын удирдлагууд өнөөдөр СЕХ-д сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүлсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т "Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харъяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ.Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна" гэж заасан байдаг аж. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооны "Техникийн тооллого хийх журам"-ын нэгдүгээрт зүйлийн 1.2-т "Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн санал авах байруудаас санамсаргүй сонгох аргаар 50 хүртэл хувийг сонгож, техникийн тооллого хийх тухай" тусгасан байдаг юм байна. Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогыг санал авах байруудаас 10-20 хувьд нь хийх чиглэлийг өгсөн гэх мэдээлэл гарчээ. Тиймээс сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөөлөл дээрх үүрэг чиглэлийг сонгууль будлиантуулах, үнэнээс зугтаах арга хэмээн үзэж байгаа гэнэ. Тиймээс СЕХ-нд хандаж, хяналтын тооллогыг Сонгуулийн тухай хууль, СЕХ-оос гаргасан тогтоол шийдвэрийн дагуу 50 хүртэл хувьд нь явуулахыг улс төрийн нам, эвслүүд шаардаж байгаа юм.
Улс төрийн намын удирдлагууд СЕХ-нд шаардлага хүргүүлэв
2016-06-29 15:48:48