8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Оюун олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзав

2015-12-05 10:33:00

Улсын Их Хурлын гишүүн, Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч С.Оюун НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Кевин Галлагхер, Органик хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн олон улсын холбооны зөвлөх, органик хөдөө аж ахуйн эскперт Гунер Рундрен нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж санал солилцов.

 
Монгол Улсын төр, засгаас сүүлийн жилүүдэд органик хүнсний үйлдвэрлэл болон хэрэглээ, эскспортыг дэмжиж хөгжүүлэх чиглэлд анхаарч 2012 онд Хүнсний тухай хуулийг баталсан. Энэ хуулиар органик хүнсний нэр томьёог тодорхой болгож,энэ асуудлыг тусгай хуулиар зохицуулж органик хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг, урамшуулал үзүүлж болохоор хуульчилсан. Энэ үндсэн дээр Засгийн газраас Органик хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хорооны ажлын хэсэг болон түүнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсэг байгуулагдан ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун энэ үеэр дурдав.
 

 
Мөн НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага, манай улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хамтран хийсэн “Монголын байгальд ээлтэй, органик хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, зах зээлийг хөгжүүлэх боломжийн судалгаа”-наас харахад эрх зүйн орчин бүрдэж, баталгаажуулалтын тогтолцоо бий болсон тохиолдолд манай оронд олон аж ахуй органик үйлдвэрлэл эрхлэх, энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх боломж байгааг онцлов.
 
Уулзалтын үеэр Суурин төлөөлөгч Кевин Галлагхер НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын Засгийн газартай хамтран “Органик хөдөө аж ахуйг дэмжих” төслийг 2014-2016 онд хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн үр дүнд органик хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой стандарт, журам, хөтөлбөр зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх, загвар үйлдвэрлэл, ферм бий болгохоор ажиллаж буйг дурдаад Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа Органик хүнсний тухай хуулийн төсөлтэй танилцаж санал бодлоо хуваалцах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэв.
 

 
Харин Органик хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн олон улсын холбооны зөвлөх Гунер Рундрен НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй дээрхтөсөлд тус холбоо хамтран ажиллаж буйг дурдаад төслийн хүрээнд Монгол Улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, баталгаажуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байгаа. Иймээс Органик хүнсний тухай хуулийн төслийг батлахаар хэлэлцэж байгаад талархалтай байна гээд органик гаралтай хүнсний бус бүтээгдэхүүнүүдийг энэ хуульд хэрхэн хамруулах, стандарт, баталгаажуулалт нь ямар байх чиглэлээр санал солилцож хамтран ажиллах санал тавив.
 
Улсын Их Хурлын гишүүн С.Оюун хуулийн төслийн талаар санаа тавьж хамтран ажиллах хүсэлтэй байгаад нь талархал илэрхийлээд уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдтэй хамт ирэх долоо хоногийн дундуур дахин уулзаж санал солилцохоор болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment