Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Нийслэлийн онцгой байдлын газарт айл өрх гудамж талбай усанд автсан, байшин, зоорийн давхар руу ус орсон 51 удаагийн дуудлага ирсэн байна. 180 хүн, 10 механизм, 12 мотопомп, 20 автомашинтайгаар усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийт дуудлагын 92,3 хувийг үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн хашаа хороонд ус орсон дуудлага эзэлж байна.Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногооны талбайн 4-7 дугаар гудамж, Рашаантын 7-12 дугаар гудамжны усыг зайлуулах, суваг татах ажлыг Онцгой байдлын албанаас 40 хүн, дүүргийн албадаас 34 хүн 5 механизм, 9 автомашин, 3 мотопомптойгоор шуурхай арга хэмжээ авч ажилласан юм. Аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг мотопомп ашиглан соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор ханган үерт автсан айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.