Төрөх эмнэлгийн үүднээ хүмүүс хөлхөлдөнө. Заримынх нь царайд айдас түгшүүр харагдах аж. Үхэлтэй өрсөлдөж, нэгэн биеэ хувааж хорвоод хүн төрүүлэх гэж шаналж буй эхнэрээ, бэрээ, охиноо хайрлан, харамлаж тэднийхээ өмнөөс зовж шаналж буй нь тэр. Бүр нарийн яривал эмнэлгийн ажилчид тэр тусмаа эх баригч эмч нарт үл итгэсэндээ тэр шүү дээ. Улаанбаатар хотод байх гурван төрөх эмнэлэгт нийтлэг байдаг, эх үрсийн “амийг авч одох”-ыг дөхсөн хүнд суртал, хээл хахууль, авлигад бид аль хэдийнэ дасал болжээ. “Төрөх эмнэлгүүдэд мөнгө өгсөн нь төрөөд өгөөгүй нь төрөхөд бэрх болсон. Бүр ус нь гарчихсан нэг эхийг ор байхгүй гэж буцааснаас болж хүүхэд нь амьгүй гарсан тохиолдол ч байна. Тэгэхээр ямар эмнэлэгт хэдэн төгрөгийн хахууль хэнд нь яаж өгөх вэ? Хэдийгээр энэ авилгалыг дэмжсэн хэрэг болж байгаа ч надад хүүхэд бид хоёрын амь нас чухал байна” гэх мэдээллийн дор “Тэдээс тэдэн төгрөгийн хооронд байдаг. Тэр эмчид нь өгчих” гэх сэтгэгдэлүүд урсчээ.
Төрөхийн хүрэлцээг төр шийдэж чадахгүй яваа энэ үед ачааллыг эхчүүд халаасныхаа хэмжээгээр үүрч байгаа. Гэвч хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч нарын ийм ааш манай нийгмийн эмзэглэх сэдэв болоод байгаа төдийгүй тулгамдсан асуудал болоод байна. Сүүлийн үед төрөх тасгийн эмч буюу эх баригч эмч нар гар хардгаас болж эхэд ямар нэгэн эмгэг гарах нь бараг л ердийн үзэгдэл болсон. Саяхан “Өргөө” амаржих газарт харамсалтай явдал болсон талаар нийгэм даяараа л шуугилаа. Амаржихаар очсон эх, хүүхэдтэйгээ хамт нас барсан хэрэг гарч олныг цочирдуулж, талийгаачийн ар гэрийхэн эмч, эмнэлгийн ажилчдын хариуцлагагүй байдлаас болсон хэмээн үзэж хуулийн байгууллагад хандаад байгаа. Нөхөр О.Жавхлан манай сайтад өгсөн ярилцлагадаа “Хань минь “Өнөө шөнө төрчих юм шиг байна” хэмээн өвдөж байгаа хэрнээ л юу ч болоогүй юм шиг инээгээд л надтай ярьж байсан. Эмч нарт нь тэр мөнгийг нь эртхэн л өгөх ёстой байсан юм шиг байна. Сүүлд нь хоёр дахь хагалгааны өмнө 50 мянган төгрөг өгсөн. Гэтэл нас барсаныхаа дараа тэр 50 мянган төгрөгийг талийгаачийн утасны хавтсанд нь хийгээд явуулсан байгаа юм даа. Мөнгө төгрөг өгөөгүй болохоор ийм удаан хүлээлгэж, хүний амь насанд хүрсэн байх” хэмээн ярьжээ. Мөн талийгчийн ээж нь “Эмч нар хэдэн халтар төгрөг харж байгаад хоёрын хоёр хүний аминд хүрлээ” хэмээн мэдэгдсэн байна.
Энэ бол эх баригчид хахуулийн мөнгөөр хүний амь хэмждэгийн маш том нотолгоо. Энэ мэт эмнэлэг бүхэн танилын нүүр харсан бизнесийн сүлжээ болж, тангараг өргөсөн эмч хүн дугтуйтай мөнгөгүй бол хүний амь нас юу ч биш болсоныг аль ч эмнэлгийн үүднээс төвөггүй харагдана. Гадны стандартаар тоноглогдсон гэх зэрэглэл өндөртэй хувийн эмнэлгүүд эхчүүдийг төрүүлэхдээ 3,5-7,8 сая төгрөг авч байгаа бол улсын гэх тодотголтой эмнэлгүүд эмч нарын чадвар танил талаасаа хамаарч 100 мянган төгрөгнөөс 1,5 сая төгрөг хахууль болгон өгч төрдөг албан бус тоо баримт ч байна.
Үнэн хэрэгтээ манай улсад эх үрс эсэн мэнд амаржиж улс эх орны маань хүн амын тоо нэмэгдэх, үгүй нь төрөх эмнэлгүүдийн эмч, сувилагч асрагч нарын гарыг хэр зэрэг хүндрүүлснээс шалтгаалах болчихоод байна. Энэ нь нэг талаар хахуулиар иргэдээ ангилж байгаа тангараг өргөсөн эмч нарт хариуцлагагүй үйлдэл ч гэлээ нөгөө талаар эмч нарт өөрсдөдөө байгаа бүхнээ барьж авлигалыг цэцэглүүлдэг иргэдэд бас буруу байна. Энэ сэтгэлгээг нэн даруй өөрчлөхгүй бол эмч нар мөнгөтэйд нь бөхөлзөж, мөнгөгүйд нь гэдийж суугаагийн цаана бяцхан үрсийн эрх зөрчигдөж байна.