8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарын ногоон хөгжлийн төлөвлөгөөг Парист танилцуулна

2015-12-01 13:44:00


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Францын нийслэл Парис хотноо болж буй НҮБ-ын “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг” бага хуралд оролцох гэж байгаатай холбогдуулан тус хуралд танилцуулах “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө”-ний урьдчилсан төслийн эмхтгэлтэй танилцлаа.

Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу нийслэл анх удаа ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болох зорилт тавьж боловсруулалтын ажил үргэлжилж байна. Тус ажлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажиллаж байгаа юм. Дэлхийн ихэнх улс, хотууд ногоон хөгжлийн бодлогыг чухалчилж, аливаа шийдвэртээ баримталдаг болсон тул Улаанбаатар хот өөрсдийн санаачилгаар стратеги төлөвлөгөөтэй болохоор ажиллаж байгааг бүс нутгийн улс, хотууд сайшааж байна. Учир нь өнгөрсөн 9 дүгээр сард нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, Дэлхийн банкны Улаанбаатар цэвэр агаар төсөлтэй хамтран Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр Улаанбаатар хотод зохион байгуулж, бүс нутгийн улс, хотууд энэ чиглэлээр ямар бодлого баримталж ажиллаж байгаа талаар туршлага солилцож, нэгдсэн дүгнэлт гаргасан юм. Бүс нутгийн хотуудын удирдлагууд ногоон хөгжлийн үзэл баримтлалаар хамтарсан илгээлт гаргасан бөгөөд тус илгээлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл НҮБ-ын бага хуралд уламжилна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment