Швейцарийн Лозаннь хотноо Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) ээлжит бус хурал өчигдөр боллоо. Хурлаар Мэргэжлийн боксын тамирчдыг “РИО 2016” олимпийн их наадамд оролцох асуудлыг хэлэлцэн оролцуулах түүхэн шийдвэр гарсан байна. Энэ хуралд ОУСБХ-ны 88 гишүүн орноос 84 улс энэхүү шийдвэрийг гаргахад санал нэгтэй дэмжсэн аж. ОУСБХ-ны өнгөрсөн 2013 оны шийдвэрээр мэргэжлийн боксын рингэнд 15-аас доош тоглолт хийсэн, богино хугацааны гэрээтэй тамирчин олимпод оролцож болно гэсэн хязгаарласан заалт гаргаж байв. Харин шинэ дүрмийн өөрчлөлтөөр ямар ч мэргэжлийн тамирчин нас, туршлага хамаарахгүйгээр олимпод оролцох эрхтэй болсон байна. Мэргэжлийн тамирчид “РИО 2016” олимпийн эрхийн төлөө хамгийн сүүлчийн эрхийн тэмцээнд Венесуэлийн Варгас хотноо 7 сарын 3 -8-ны хооронд тоглож эрхээ авах юм байна. Энэ тэмцээнээс олимпийн 26 эрх олгох аж. Энэхүү шуурхай зарласан хуралд Монголын боксын холбооны ЕНБДарга Ц.Батнасан оролцжээ.