Хятадын Хайнань арлын Саньяа хотноо арванхоёрдугаар сарын 19-нд энэ оны дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн болно. Уг арга хэмжээнд оролцох эрх авсан Канадын миссийн тэмцээний ялагч Анастейше Линийг Хятадын хилээр нэвтрэхийг хориглосон талаар “Thе New York Times”-т өчигдөр мэдээлэв.
Тиймээс 25 настай А.Лин уг тэмцээнд орох боломжгүй болж байгаа бололтой. Дээрх сонинд дурдсанаар Лин бүсгүйд БНХАУ-ын ЭСЯ-наас виз олгохоос татгалзахдаа Хятадад хүний эрхийг хамгаалах, шашны эрх чөлөөний талаар сурталчилгаа хийж болзошгүй хэмээн үзжээ. Бүсгүй хэдэн долоо хоногийн турш визийн зөвшөөрөл авахаар хүлээж байгаад олгоогүй тул энэ сарын 25-нд Хонгконгийг зорьжээ. Тэндээс виз авах гэсэн боловч бас л бүтээгүй байна. Энэ талаар твиттертээ бичихдээ “Хятадын гаалийнхан намайг Хайнань арал руу нисэхийг хориглолоо. Би Хонгконгт байна. Би тус тэмцээнд оролцох бүрэн эрхтэй, оюутан бөгөөд гоо сайхны хатан хаан. Хятадын эрх баригчид юунаас ингэтлээ айнам” гэжээ.