Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах шийдвэр гаргасан.
Эдгээр дүүрэгт дагуул хот байгуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн юм. Тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 22-ны өдөр, Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулж, санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь хот байгуулахыг дэмжсэн.
Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчаар Ш.Хаан сонгогдож, энэ оны 7 дугаар сард тангаргаа өргөсөн билээ. Харин Багануур хотын Захирагчийн сонгууль 2015 оны 10 дугаар сарын 18-нд болсон бөгөөд 57,72 хувийн саналаар сонгогдсон Н.Тавинбэхийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Багануур дүүргийн удирдлагууд, иргэд оролцов.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга энэхүү ёслолын үйл ажиллагааг албан ёсоор нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн дагуул Багануур, Налайх хотыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Багануур дүүргийн иргэдийн олон жилийн хүсэл хүлээлт байсан юм. Өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй, төлөвлөлтэй анхны хотын иргэн нь оршин суугч Та бүхэн болж байна. Монгол Улсын Анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон 25 жилийн ойн түүхэн үйл явдлын жил анх удаа Багануурчууд Та бүхэн чөлөөтэй шууд сонгох эрхээ эдэлж хотын Захирагчаа сонгосонд таатай байна” гэлээ.
Нийслэлийн дагуул Багануур хотын Захирагч Н.Тавинбэх Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, хотын үндсэн дүрэм, бусад дүрэм журмыг дээдлэн сахиж, Багануур хотын хөгжил дэвшил, иргэдийнхээ өмнө шударгаар хичээнгүйлэн ажиллана хэмээн тангараг өргөлөө. Багануур хотын Захирагч Н.Тавинбэхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Захирагчийн мөнгөн гэрэгэ, Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нар Багануур хотын бэлгэдэл түлхүүрийг гардуулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Багануур хотынхоо шинэ Захирагчийг уухайлан халуун дотноор хүлээж авч байгаа Та бүхэндээ баяр хүргэе. Багануурыг бие даасан хот болгох шийдвэр гаргаж, бүх талаар дэмжлэг үзүүлсэн нийслэлийн ИТХ болон энэхүү ажилд гар бие оролцож, хүчин чармайлт гаргаж ажилласан ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлье. Монгол Улсын Анхны Үндсэн хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан тэр цагаас эхлэн Багануурчууд иргэдийнхээ төлөө үйлчилдэг, бие даасан хоттой болох хүсэлтээ илэрхийлж байсан ч тэдэнд тийм эрх олгоогүй өнөөг хүргэсэн. Гэсэн хэдий ч Та бүхэн тууштай байж хүсэл зорилгоо биелүүлж чадлаа. Иргэддээ үйлчилдэггүй засаг захиргааг олж харсан анхны хүмүүс бол Багануурчууд Та бүхэн юм шүү. Нийслэлийн Засаг даргын хувиар Н.Тавинбэхийг Багануур хотынхоо хөгжил цэцэглэлт, сайн сайхны төлөө хүчин зүтгэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ иргэдийнх нь өмнө амлаж байна” гэдгийг онцлон хэллээ.
Багануур дүүрэгт хот байгуулсанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө. Мөн оршин суугчдын амьд явах, эрүүл аюулгүй амьдрах орчин сайжрах, өмч хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх, тулгамдаж буй асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах, хотын удирдлага, оршин суугчид нэг л дүрэм журмын хүрээнд харилцах боломж нээгдэж байгаа юм гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн дагуул Багануур хотын захирагч Н.Тавинбэхийн бүрэн эрхийг баталгаажууллаа
2015-11-28 17:10:00