Эмэгтэй хүн өөрийнхөө гоо сайханд сэтгэл хангалуун байх ёстой. Өөрөө өөртөө таалагдаж, өөрөөсөө гоо сайхныг мэдэрч байж тэр бүсгүй өөртөө итгэлтэйгээр оршин тогтноно. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг энэ шүү дээ. Солонгосын “Гранд” гоо сайхны эмнэлэг болон, ТВ9 телевиз зохион байгуулсан “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн бүсгүйчүүд хэдийн өөрийн хүссэн үр дүнд хүрээд эх орондоо ирцгээсэн. Бид энэ удаа “Би өөрөө гоо сайхан” буюу Монгол “Let Me In-2” шоу нэвтрүүлгийн ялагч болоод, гурван сарын хугацаанд гайхалтай өөрчлөгдөж чадсан бүсгүйчүүдийн нэг болох Л.Жавхлантай уулзаж ярилцлаа. Түүний гадаад гоо сайхнаас гадна дотоод гоо сайхан ч бас гэрэлтэй гэгээтэй байна.
- Маш их өөрчлөлтийг өөртөө шингээгээд ирсэн бүсгүй өмнө нь сууж байна. Сайхан үзэсгэлэнтэй харагдаж байна. Өөртөө хэр сэтгэл хангалуун байна даа.
- Юуны түрүүнд танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Бодож байснаасаа өөрийгөө хэдэн зуу дахин өөрчлөгдсөн гэдгээ ирсэн даруйдаа л мэдэрлээ. Солонгост эрүү нүүрний хагалгаанд орсоныхоо дараа толинд харахаар хөөрхөн юм шиг харагдаад л. Хаван буух үед дараа дараагийн хагалгаа хийгдээд л улам л хөөрхөн болоод байсан. Гэхдээ нэг л царайндаа дасаж өгөхгүй байлаа. Харин монголдоо ирээд ээж, аав гэрийнхэнээсээ энэ нь зохиж байна уу, яаж байна гээд л асуухаар гоё болж, хөөрхөн байна гэхэд нь маш их баярласан. Одоо л өөрийнхөө царай төрхөнд дасч байна даа.
- Залуухан ч болчихож. Өөртөө юм уу бусдад таалагдахгүй байх вий гэсэн эмзэглэл байв уу?
- Эмзэглэл гэхээсээ илүү бага зэргийн айдас байсан. Миний хамар чинь тийм байсан даа, одоо ямар болсон бол гээд л өөрийнхөө өмнөх зурагнуудаа хардаг. Харах болгондоо хамаагүй өөр болсоноо мэдэрдэг. Сэтгэл ханамжийн баталгаа гэж байдаг даа. Хэдэн зуу дахин сэтгэл хангамж авч байгаа шүү.
- Одоо эмчилгээтэй байгаа юу?
- Эмчилгээ байхгүй. Одоо зөвхөн гамаа л сайн барих, өөрийгөө дайчлах л үлдсэн. Эмч нарын зүгээс хийх зүйлээ бүгдийг хийсэн.
- Солонгосоос ирэхэд тань хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
- Яаж хүлээж авах бол, яах бол гэсэн бодол 90 хоногийн туршид байсан. Хамгийн их аймар айдас төрүүлж байсан нь охин минь. Намайг таних болов уу яах бол гээд их зүйл бодогдсон. Тэгсэн маш гоёор хүлээж авсан. Сөрөг гэхээсээ илүү эерэг нь илүү байсан. Манай дүүгийн хүүхэд Жавхаа эгч мөн байна, гэхдээ жаахан биш байна гэхэд миний охин хүзүүгээр тэврээд “Үгүй энэ чинь миний ээж, миний ээж мисс шиг болсон байгаа биз дээ” гэсэн нь хамгийн гоё. Гэхдээ миний царайнд одоо л дасч байх шиг байна. Зарим өглөө сэрэхэд миний урдаас мөн үү, биш үү гэсэн шиг харчихсан сууж байдаг юм.
- Одоо тэгэхээр амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах нь байна шдээ?
- Тэгэлгүй яахав. Хангалтай өөрчлөгдлөө. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд амьдралдаа сэтгэл дундуур явдаг байлаа. Хэдийгээр хүмүүс янз бүрийн юм ярьдаггүй гэсэн ч хүний өөдөөс хараад “Юу гэж бодож байгаа бол” гэж бодохоос маш их айдаг байлаа. Эндээс явахдаа эрүүгээ л янзлуулчихвал болно доо гэж бодож байсан. Тэгсэн эрүү байтугай давхараа хийлгээд, хамраа янзлуулаад, тураад, царай хүртэл жижигэрсэн.
- Бас духандаа үс суулгасан гэсэн?
- Би нэлээн том духтай байсан л даа. Солонгосчууд өөрсдөө жижиг царайтай хүмүүс. Тиймээс миний духанд 4000 ширхэг үс суулгасан.
- Мэдээж төлбөр мөнгө нь нэлээн өндөр гарсан биз?
- Нэвтрүүлгийн туршид бүх зүйлийг цаанаас гаргасан. Дөрвөн одтой зочид буудалд байрлаж, хоол унд гээд бүх зүйлийг солонгосын тал даасан. Хагалгаа эмчилгээний зардал ойролцоогоор 100 сая вонн гарсан гэсэн. Монгол мөнгөөр 200-аад сая төгрөг шүү дээ. Эмчилгээ үйлчилгээ ч маш сайн. Солонгос эмч нар нь энд ийм, тэнд тийм өөрчлөлт хийх юм байна гээд л ажилдаа их нухацтай ханддаг юм билээ.
- Маш их өвдөлтийг давж гарсан байх?
- Тэгэлгүй яахав. Тэр их өвдөлтийг зүйрлэшгүй. Хүний нутагт байгаа болохоор уйлах ч эрхгүй шүү дээ. “Би чадна. Ганц л удаа ингэж өвдөнө. Цаашид ингэж өвдөхгүй. Нэг л удаа ингэж өвдчихвөл би насаараа хүнд дарлуулахгүй шүү дээ” гэж бодоод л даван гарсан.
- Уучлаарай эвгүй зүйл асууя. Та төрөлхийн эрүү нүүр нүүрний гажигтай байсан уу. Эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас ийм болчихов уу?
- Төрөлхийн ийм байсан. Багадаа нэлээн махлаг хүүхэд байдаг байсан болохоор мэддэггүй байсан юм билээ. Харин 8 дугаар ангид ороход л эрс мэдэгдэж эхэлсэн. Түүнээс хойш эрүү нүүрний хагалгаа хийлгэх гэж нэлээн хэд оролдоод дийлээгүй дээ. Манайд ойролцоогоор 5-7 сая төгрөг байдаг юм билээ.
- Уг нь өмнөх нэвтрүүлэгт орохдоо монголдоо хагалгаанд орох хоёр хүний нэгээр сонгогдсон байсан шүү дээ?
- Харин тиймээ. Гэтэл хагалгаа хийж өгнө гэсэн эмнэлэг нь унтуулахтай хагалгаа хойшдлогдсон гэсээр өдийг хүрсэн. Харин өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр “Let Me In-2” нэвтрүүлгийн бүртгэл ТV9 телевизийн дээр явагдаж байна гэж аав маань надад дуулгасан юм. Тэгээд дахин бүртгүүлсэн. Нэгэнт л өөрийнхөө амьдралыг дэлгэчихсэнээс хойш яагаад дахин нэг удаа зүтгээд болохгүй гэж бодогдсон. Өмнөх нэвтрүүлгийн дараа нэлээн олон хүмүүсээс шүүмжлэл авсан. Тиймээс гэрийнхэнээсээ нууж байгаад л бүртгүүлсэн дээ.
- Тийм шүү, өмнөх нэвтрүүлгийн үеэр өөрийнхөө талаар гэр бүлийн амьдралынхаа талаар их дэлгэрэнгүй, зоригтой ярьсан байсан?
- Ямар ч гэсэн бүх зүйлийг даваад л гарлаа. Тухайн үед хүнд байсан. Уйлах үе ч байлаа. Гэхдээ ийм шийдвэрийг би өөрөө л гаргасан. Юундаа ингэж шаналгаж, зовоодог юм гээд л өөрийгөө хатуужуулж байсны үр дүнд гоё сайхан болоод ирлээ.
- Танай нөхөр, хадмынхан чинь таны ийм сайхан бүсгүй болсоныг харж л байгаа байх даа?
- Ер нь холбоогүй байдаг. Гэхдээ тэдний талаар яриад байхыг хүсдэггүй. Ярьсаны дараа үнэхээр хэцүү байдаг.
- Таны цаашдын зорилго юу вэ?
- Одоо бодож байхад би хагалгаанд ороогүй байхдаа яасан ч хариугүй мөрөөдөлтэй, жаахан хүн байсан юм дээ. Одоо бол өмнөхөөсөө илүү ихийг мөрөөдөж байна. Илүү их итгэлтэй болсон болохоор өөрийгөө бүх талаараа дайчлаад гоё амьдарнаа. Мэргэжлээрээ ажиллана. Ирэх жилээс дахин сурмаар байна.
- Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?
- Би цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Давхар англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Гэхдээ орчуулагч гэхээсээ илүү бага насны хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой. Тиймээс цаашид сурч боловсролоо дээшлүүлэх бодолтой байна.
- Гадаад гоо сайханаас гадна дотоод гоо сайхан ч улам үзэсгэлэнтэй болжээ?
- Би чинь их гутранги үзэлтэй. Түүнийгээ нэг их ил гаргаад байдаггүй л дээ. Гэхдээ ийм сайхан, гоё болчихлоо. Тийм болохоор дотоод хүнээ бас өөрчилмөөр байна. Ааш зан, биеэ авч яваа байдал гээд бүхий л зүйлээ өөрчлөх хэрэгтэй байна. Бас охиндоо хамгийн гоё ээж нь баймаар байна. Охиныхоо хажууд үлгэр жишээ сайхан харагдаж байхыг хичээж байна. Миний амьдралын утга учир тэр минь юм шүү дээ. Бодож төлөвлөсөн зүйл зөндөө байнаа.
- Өмнө нь гоо сайхны хагалгааны талаар юу гэж боддог байсан бэ?
- Солонгосын “Let Me In” гэдэг нэвтрүүлгийг үзээд их гоё санагддаг байсан. Бараг өөрөө тийм болчихсон юм шиг л догдлоод л. Ер нь гоо сайхны хагалгааг өөрийнхөө хувьд маш их дэмждэг. Гоо сайханд яагаад анхаарч болохгүй гэж.
- Амьдрал зохиох талаар ямар бодолтой байна?
- Яг ойрын хугацаанд амьдрал зохиох бодол алга. Залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлмээр байна. Яваандаа сайхан хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ би юуны түрүүнд охиныгоо нэгдүгээрт тавьмаар байна. Сайн сайхан амьдруулахын төлөө хичээж зүтгэнээ.
- Тэгэлгүй яахав, одоо таны өмнө амьдралын их урт зам зурайж байна шүү дээ?
- Харин тиймээ. Өмнө нь шаамий гэж хэлүүлэх ямар хэцүү байсан билээ. Одоо тэр бүхэн дахин хэзээ ч тохиолдохгүй. Би хэзээ ч өөрөөсөө, ирүүнээсээ ичихгүй. Ядаж л тааралдсан хүмүүсээсээ санаа зовохгүй болчихлоо. Тэр хүмүүс надад юм хэлээгүй байхад л түрүүлээд төсөөлж бодоод түүндээ шаналаад л явдаг байсан. Ямар сайндаа л шар өнгөнд дургүй байхав дээ. Учир нь шаамий гэж хэлэхэд “Ш” үсэг ордог болохоор харахаар л дургүй хүрээд байдаг юм. Харин одоо надад ямар ч өнгийн хувцас зохино. Ямар ч хувцас таарна.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.