8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Хэрүүга: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл цаашдаа өснө

2016-05-17 10:22:00

Монгол Улсын мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүгатай ярилцлаа.

-Монгол Улс Японтой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаар манай мал аж ахуйн  гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүн гуравдагч зах зээлд татваргүй гарахаар болж байгаа. Гэхдээ нөгөө тал  нүүдлийн мал аж ахуйн салбараа бид дэлхийд өрсөлдүүлэхүйц хэмжээнд хүргэж чадаагүй шүү дээ. Мэргэжлийн хүний нүдээр энэ асуудлыг юу гэж байна?

-МАА-н салбарыг мах, сүү, ноос ноолуур, арьс шир гэх мэт түүхий эд бэлтгэлийн хүрээнд харахаас илүү биотехнологи, нанотехнологийн хамгийн ирээдүйтэй үйлдвэрлэл,  хөгжлийн гарц гэж үзэж болно. Иймд Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг 2016 оны хоёрдугаар сарын 22-нд баталсан. Энэ хөтөлбөрт малын эрүүл мэнд,   түүний гарал үүсэл, үүлдэр угсаа, экспортод чиглэсэн мах, махан бүтээгдэхүүн эдгээрт шаардлагатай дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, санхүүгийн эх үүсвэрийг улсын төсвөөс, санхүүжилтийг Төрийн банкаар дамжуулан олгохоор болсон. Удахгүй УИХ-ийн нэгдсэн хуралдаанаар “Малын эрүүл мэндийн тухай хууль” хэлэлцэж, батлах гэж байна.

-Малчдыг төрөөс халамж горьдоод амьдардаг гэж хотынхон шүүмжилдэг. Тэд малчдын зээлийг 10 хувь болсонд шүүмжлэлтэй байгаа. Гэтэл үүний цаана инноваци шингэсэн нүүдлийн МАА-г бий болгох зорилготой гэж албаны хүмүүс тайлбарладаг. Ингэхэд малчдыг төрөөс харж үзэх нь зөв үү, буруу юу?

 -Өнөөдөр улсын хэмжээнд 160 мянга орчим малчин өрх байгаа нь тийм тооны мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх боломж бүхий аж ахуйн нэгж байна гэсэн үг. ХАА-н салбар жилд дунджаар 300,0 - 400,0 сая америк доллар хүртэлх экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ тоо цаашид өснө. Харин эсрэгээрээ уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурна. Иймд малчин өрхийн үйлдвэрлэлийн зээлийг 30 хувиас 10 хувь хүртэл бууруулж байгаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, инноваци бий болгох, мал сүргээ эрүүлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх гэх мэт олон эерэг өөрчлөлтүүд нийгмийн болоод эдийн засгийн салбарт бий болно.

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газар “Сайн малчин” хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж чадвал малчдад, бизнес эрхлэгчдэд болон эдийн засагт  ямар эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна? Цагтаа манай улсын эдийн засгийн өсөлт, экспортын гол бүтээгдэхүүнийг бүрдүүлж байсан МАА-н салбар маань нэг талаас мэдлэг, техникийн хоцрогдлоос нөгөө талаас, уул уурхайн супер циклээс шалтгаалж уналтад орсон гэх юм. Тэгвэл бид ХАА-н салбараа эргэн сэргээх тал дээр төр засгийн түвшинд бизнес эрхлэгчид, малчид, иргэдийн түвшинд хамгийн түрүүнд юу хийвэл, ямар нэгдсэн алсын хараатай байвал зохилтой вэ?

ХААИС-д бүрэлдэхүүний 6 сургууль, харьяа эрдэм шинжилгээний үндэсний 4 хүрээлэн, эдгээрт нийтдээ 12, 000 орчим оюутан  бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж судалгаа хийхийн зэрэгцээ 1000 орчим багш, судлаачид, мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ хамт олон сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагаагаараа дамжуулан ХАА-н салбарынхаа бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээн ажилладаг. Иймд энэ салбарын бизнес эрхлэгчид, малчид мөн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гаргагчид маань манай нарийн мэргэшсэн судлаачид, багш профессорын багууд, сургуулийн дэргэдэх “Инноваци, бизнес хөгжлийн төв”- ийн хийсэн судалгааны үр дүн, зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хамтран ажиллахыг хүсэж байна.

-Танай сургууль ХАА-н талаар дорвитой судалгаа, шинжилгээ хийдэг Монголдоо цорын ганц мэргэжлийн сургууль. Ялангуяа МАА-н салбарт хийсэн судалгааны ажлуудаас амьдралд, бизнест биежээд явж байгаа онцгой бүтээлүүд бий юу?

-Монгол Улсаас дэлхийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн  долоо шинжлэх ухааны нээлт байдгаас  тав  нь ХАА-н салбарын эрдэмтдийн бүтээл. Тэгэхээр энэ салбарын сургалт, судалгаа үндэсний хэмжээнд ямар байр суурь эзэлдгийг харуулж байхаа. Саяхан хоёр сарын өмнө “ХХАА-ын салбарын Шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний чуулганыг анх удаа БСШУЯ, ХХААЯ-тай хамтран зохион байгууллаа. Энэ чуулганд  төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гаргагчид, багш судлаачид, бизнес эрхлэгчид болох 200 гаруй хүн оролцож, салбарын тулгамдсан асуудлаар зөвлөмж гаргалаа. Мөн энэ үеэр манай багш судлаачид судалгаанд суурилсан инновацийн 300 бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргаж  салбарынхаа бизнес эрхлэгчдэд санал болголоо. Эдгээр 300 инновацийн бүтээгдэхүүний талаар нэг бүрчлэн танилцаж мэдээлэл авахыг хүсвэл манай “Инноваци, бизнес хөгжлийн төв”- д хандаарай, тэнд бизнес болоод явж байгаа олон бүтээлүүд байна, мөн бизнес болохоор технологи, судалгаа нь хийгдсэн бүтээлүүд ч байгаа. 

-ХАА-н боловсруулсан эцсийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргахад технологи, эрүүл ахуйн өндөр шаардлага тавигдах дамжиггүй. Гэтэл бид дэлхий стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах боломж хэр байна. Танай сургууль энэ талаар хэр анхаарал тавьж байна вэ?

-2012 оноос дээд боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ хүрээнд Монголын их, дээд сургуулиуд бүх хөтөлбөрөө шинэчилж, 2015 оны 9 сарын 1-ээс шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтаа эхэллээ. Манай сургуулийн хувьд 2014 оноос  гурван томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд  “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийг 1.8 сая ам.долларын, “Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” ЖАИКА-гийн 3 сая ам.долларын мөн ЖАИКА-гийн 4.8 сая ам.долларын санхүүжилттэй судалгааны төслийг Обихирогийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Түүнчлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малын их эмч бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, сургалт, судалгааны орчныг бэхжүүлэхэд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

-Малын эрүүл мэндийг сайжруулах, малын эмч нарыг чадавхижуулах чиглэлээр юу хийж байна вэ?

-Түрүүчийн асуултад хариулахдаа хэлсэн дээ. ЖАИКА-гийн 4.8 сая ам.долларын санхүүжилттэй судалгааны төслийг Обихирогийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна гэж. Энэ төслийн зорилго нь малын халдварт өвчнийг оношлох, эмчлэх шинэ технологи боловсруулах, энэ чиглэлийн судлаачдыг чадавхжуулах, сургалт судалгааны орчныг бэхжүүлэхэд чиглэж байгаа. Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малын их эмч бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх, сургалт, судалгааны орчныг бэхжүүлэхээр хийж буй ажлууд маань ч малаа эрүүлжүүлэх, эрүүл хүнс хэрэглэхтэй холбоотой. Мөн засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зээл 10 хувь болж, малчин банкнаас энэ зээлийг авахын тулд малаа эрүүл байлгах шаардлага тавигдаж байна. Иймд мал сүргээ эрүүл байлгах, эрүүл малтай гэж баталгаа гаргаж өгөх эрх бүхий малын эмч нарыг тусгай хөтөлбөрөөр сургалтад хамруулахаар бэлтгэж байна. ХААИС-ийн Малын эмч бэлтгэх хөтөлбөрийг Европын холбооны малын эмч нарыг бэлтгэдэг их сургуулиудын холбоонд  хүргүүлж, 16 зөвлөмж авсан. Энэ зөвлөмжийн дагуу Английн Лондонгийн их Сургуулийн Эзэн хааны нэрэмжит мал эмнэлгийн сургуультай хамтран ажиллаж, хөтөлбөрөө Европын холбооны стандартад нийцүүлээд байна.

-Нүүдлийн мал ахуй манай улсын харьцангуй давуу тал мөн үү? Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дараагийн түвшинд гаргахын тулд юу хийвэл зохистой вэ?

-Хэзээ, хаана ч мөн чанар, чухал байр сууриа үл алдах, хүн төрөлхтний мөнхийн хэрэгцээг  хангаж байдаг салбар бол хөдөө аж ахуйн салбар тэр тусмаа нүүдлийн соёл, нүүдлийн мал аж ахуй монголчууд бидний нийгэм, экологи болоод эдийн засгийн амьдралд үнэхээр чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн, цаашид ч  энэхүү чухал байр сууриа хадгалах нь ойлгомжтой. Гэхдээ мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг суурин хагас суурин фермерийн хэлбэрээр хөгжүүлэхэд төр бодлогоор дэмжиж, хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, тариалангийн хууль бусад хууль журамд энэ талаар тодорхой тусгасан. Энд тариалангийн газрыг урт хугацаагаар эзэмшүүлэх, бэлчээрийн зөв менежмент, банкны системээр дамжуулж хөнгөлөлтэй зээл олгох, даатгал гэх мэт олон асуудлууд багтсан байгааг бид яаж хэрэгжүүлэх талаар нэлээд ярилцлаа шүү дээ.

Б.БАТ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment