Өнгөрсөн баасан гаригт Японы сүмо бөхийн их аварга, мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми 62 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2002-2008 онд, мөн 2012 оноос өдийг хүртэл мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Китаноүми мэргэжлийн сүмод 18 жил барилдаж, Эзэн хааны цомыг 24 удаа хүртэж байсан бөх аж. Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Facebook” хуудсаараа дамжуулан эмгэнэлээ илэрхийлжээ. Тэрээр "Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми таалал төгссөн байна. Сайхан хүн, сайхан сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, үргэлж намайг дэмжиж байсан юмсан. "Ёкозүнэ хүн ёкозүнагаа ойлгоно оо, Шёорюү!” гээд мөр алгадан "За ганц барьчих” гээд хундага тулгаж байсан хүнийг ийм амархан баяртай гэхийг мэдсэнгүй! Таны суу алдар үеийн үед дурсагдах болно! Мэйжи, Ясүкүнигийн ариун бурхад таны сүнсийг тэнгэрийн оронд замчлах байх аа! Та минь амгалан тайван нойрс доо! Дүү аваргаас чинь энэхүү гашуудлын хэдэн үгийг нулимс дуслуулан тэрлэж сууна аа! Ум сайн амгалан болтугай!” гэжээ.
Асашёорюү Д.Дагвадорж эмгэнэл илэрхийлжээ
2015-11-27 14:19:00