8o
Улаанбаатар хот
mobile menu

Истанбул хотод "МОНГОЛЫН САЙХАН ОРОН" тоглолт боллоо

2025-01-20 14:29:27

Түүх, соёлын олон жимээр холбогддог Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд талын нүүдэлчдийн соёлын өв, урлаг, уран сайхны дээж болсон “Монголын сайхан орон” тоглолтыг Ази-Европ хоёр тивийг холбосон Турк улсын ард түмэнд толилууллаа. 


Тоглолтыг нээж ССАЖЗ-ын сайд Ч.Номин:

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өнө эртний түүхэн уламжлалт харилцааны туршлагад тулгуурлан бүхий л салбарт өргөжин тэлж, ард иргэдийн харилцан зорчих урсгал нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Бид энэхүү тоглолтод ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн, морин хуур хөгжмийн зэмсгээр Монгол үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн дээжээс гадна Туркийн ард түмний уран бүтээлээс толилуулахаар бэлтгээд байна.

Цаашид хоёр улсын соёлын харилцаа улам бүр баялаг агуулгаар хөгжиж, найрамдалт хамтын ажиллагаа ард түмний хооронд өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Үгийнхээ төгсгөлд, Бүгд Найрамдах Турк Улсын нийт ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.

Түүнчлэн тоглолтод БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдар Чам үг хэлсэн бөгөөд тэрбээр:

"Энэхүү соёл, урлагийн арга хэмжээ нь Турк, Монголын ард түмний олон мянган жилийн хөрш зэргэлдээх харилцаанаас үүдэлтэй түүхэн хэлхээ холбоог улам бэхжүүлж, нийтлэг соёлын өвийг хадгалан үлдээх, дэлхий дахинд сурталчлахад хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Монголын сайхан орон тоглолтыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, найрал хөгжмийн эрхэм гишүүд болон бүх төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн нийт оролцогч талуудад талархал илэрхийлье" гэлээ.

Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал болон Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид хамтран тоглож буй уг тоглолтод Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу” бүтээлийг УГЗ Д.Түвшинсайхан удирдаж, тоглолт эхэллээ.


Үргэлжлүүлэн ҮУИТ-ын бүжигчид “Хүндэтгэлийн бүжиг”-ийг толилуулж, “Цомбон туурайтай хүрэн”, “Алтайн магтаал”, “Салхит шувуун”  тэргүүтэй монгол түмний соёлын илэрхийлэл болсон бүтээлүүдийг толилууллаа.

Мөн тоглолтод Турк ардын дуу “Üsküdara Giderken”-г Морин хуурын найрал хөгжимчид монголын өнгө аясаар хөгжимдсөн нь хоёр орны соёлын солилцооны илэрхийлэл болсон юм.

Тоглолтын төгсгөлд Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” эгшиглэлээ.

Тоглолтыг жаргааж Улсын Филармонийн захирал С.Баттулга: “Монголын сайхан орон” уран бүтээлийн тоглолтод хүрэлцэн ирсэн эрхэм ноёд, хатагтай та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хоёр орны харилцаа өнө мөнхөд найрсаг, халуун дотно байх болтугай! Дахин уулзахын ерөөл өргөе! Хэмээн тоглолт өндөрлөлөө.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment