8o
Улаанбаатар хот
mobile menu

Соёл урлагийн салбарын гажуудлыг засах шийдэл

2023-05-23 11:11:00

Улсын хэмжээнд голч цалин 1.3 сая төгрөг. Харин урлагийн салбарынхан үүнээс 2.5 дахин бага буюу 570-995 мянган төгрөгийн хооронд цалин авч байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, өдрөөс өдөрт иргэдийн худалдан авах чадвар буураад буй энэ үед мэргэжлийн соёл урлагийн байгууллагын төлөөллүүд нэгдэн Соёлын яаманд цалингаа нэмүүлэхийг шаардаж ажил хаялт зарласан юм. Угтаа ажил хийж байв ч авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхээ больж тэвчээр алдрахын цагт тэмцсэн нь энэ юм. Тэдний цалингаа нэмүүлэх шаардлагыг Соёлын яам хүлээн авч, ээлжит Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Ингээд энэ ондоо багтаан соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг Боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлэхээр шийдвэр гарсан юм. Мөн орон нутагт ажиллаж байгаа соёлын байгууллагуудын ажилтан, албан хаагч нарт таван жил тутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор болов. Өөрөөр хэлбэл, орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг 432 байгууллагын 3002 албан хаагчдад таван жил тутам тэтгэмж олгохоор болсон юм. 

Тэгвэл энэхүү үйл явдлын дараа соёлын салбарын ажилчдын цалин нь яагаад бага байгаа болон менежмент ямар муу байгаа талаар Соёлын сайд Ч.Номин нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн юм. Тэрээр "Соёл, урлагийн салбарынхны цалингаа нэмүүлэхийг шаардаж буй нь зүй ёсных. Энэ салбарыг он удаан жил орхигдуулсан нь үнэн. Харин одоо салбарын ажилчдын цалинг үе шаттай нэмэхээр болов. Төрийн албан хаагчдын үнэлэмжийн ялгааг арилгахаар боллоо. Ингэлээ гээд энэ нь бүх асуудлыг шийдэхгүй. Гал унтраасан л түр шийдэл. Үүнээс гарах арга зам нь салбарын байгууллагуудын засаглал, менежментийн реформыг эхлүүлэх юм. Төр байгаа цагт өв соёл, сонгодог урлагаа бодлогоор дэмжиж авч явна. Санхүүгийн ашиггүй, ашигтай байх нь хамаагүй. Гэхдээ биеэ даах болсон урлагийн зарим төрлүүдийг либералчлах, уран бүтээлчдэд нь өөрсдөд нь даалгах шийдлийг санал болгоно” гэсэн юм. 

Тэгвэл соёлын салбарт үүсээд буй эл асуудлыг шийдэх хоёр шийдэл надад байна. Эхнийх нь соёлын салбарт ажиллаж буй ажилчдыг цөөлөх юм. Энэ оны гуравдугаар сарын байдлаар соёлын салбарын харьяа 452 байгууллагад төрөөс цалинждаг 7000 орчим хүн ажиллаж байгаа гэх дүн мэдээ гарсан. Эдгээр ажилчид уул уурхай, хөдөө аж ахуйн салбартай адил төрд орлого өгөх бус төрөөс зардал гаргаж байгаа гэж хэлж болно. Нэг үгээр хэлбэл, төрөөс сар болгон 7000 орчим хүнийг тогтмол цалинжуулдаг. Эдгээр хүмүүст бүгдэд нь сая гаран төгрөгийн цалин олговол төрийн зардал нэмэгдэнэ. Иймээс тус ажилчдыг шигшиж, чадвартай, мэдлэгтэй, боловсон хүчнийг улсын голч цалингаар цалинжуулах хэрэгтэй юм. 

Соёл урлагийн салбарын гажуудлыг засах хоёр шийдэл

Комедиан Д.Амартүвшин 

"Манай улс 21 аймаг, 330 сумтай. Аймаг, сум болгон соёлын төвтэй. Соёлын төв болгонд уран бүтээлчид бий. Ингээд бодохоор асар том бүтцэд маш олон иргэнийг жоохон цалингаар ажиллуулж байна. Одоо соёлын яам энэ асуудлаа цэгцлэх цаг болсон. Уран бүтээлчид ч амьдралаа авч явах мөнгө олж чадахгүй, төр ч тогтмол зарлага гаргаж байна. Үүнийг цэгцэлж төрөөс цалин авдаг соёлын салбарынхныг цөөлөх хэрэгтэй. Үлдсэн чадвартай, мэдлэгтэй боловсон хүчнээ өндөр цалингаар ажиллуулж болно. Том, данхар урлагийн бүтцийг задалж, жижиг чанартай урлагийн бүтэцтэй болох хэрэгтэй" гэв. 

Дараагийн шийдэл нь соёлын салбарын менежментийг сайжруулах юм. Тайлбарлавал, соёлын байгууллагууд орлогынхоо 60 хувийг албан хаагчдын нийгмийн баталгаанд зарцуулах боломж бүрдсэн. Энэ нь соёлын байгууллагууд олсон орлогынхоо 60 хувийг ажилчдадаа цалингийн нэмэгдэл болгон өгч болох юм. Энэ боломжоо сайн ашигладаг cоёл урлагийн салбар бий. Энэ бол Монголын үндэсний музей. Давсан орлогоосоо хагас жил тутам ажилчдынхаа цалин дээр 40 хувийн нэмэгдэл олгож, үр дүнтэй ажилласан ажилтнууддаа 1-4 сая төгрөгийн урамшуулал олгодог байна. Үүний адил соёл урлагийн байгууллагууд боломжуудаа ашиглан ажилчдынхаа цалинг нэмэх бүрэн боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл