УИХ-аар Монгол Улс нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нүүрсний үнэ унах магадлалтай байгааг хэллээ. Тэрээр "Манайхан Австралиас БНХАУ руу нийлүүлж байгаа нүүрс ихэссэн гэж болгоомжилж ярьдаг. Гэтэл Австралиас БНХАУ руу нийлүүлж буй нүүрсний 90 гаруй хувь нь эрчим хүчний нүүрс. Харин манай улсын БНХАУ руу нийлүүлж байгаа нүүрсний 99 хувь нь коксжих нүүрс. Манай нүүрстэй өрсөлдөж байгаа нүүрс бол ОХУ-ын нүүрс.
Индонез, Австралийн нүүрс хориггүй болчихлоо гээд санаа зовох хэрэггүй. Тэндээс БНХАУ руу ирж байгаа нүүрс бол эрчим хүчний нүүрс.
Нүүрсний үнийн тухайд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд ирэх жилийн төлвийг гаргаж өгөхдөө 137 ам.доллар гэж гаргаж өгсөн. Олон талаас нь тооцоолж байгаа. Нүүрсний үнэ унах магадлалтай" гэлээ.