Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр НИТХ-д боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ, 2022-2023 онд долоон сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Нэг сургуульд 3000 гаруй хүүхэд сурах багтаамжтай бол гурван ээлжийн сургуульд дээд тал нь 10 мянга давсан байна.
Нэг ангид дунджаар 45-50 болон 50-иас дээш хүүхэд сурч байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс 2023-2024 оны хичээлийн жилээс нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахыг хориглоё гэж байгаа.
Энэ хичээлийн жилд 21515 хүүхэд багтаамжаас давсан бол ирэх намар энэ тоо 20600-аар нэмэгдэж, гурван ээлжийн долоон сургууль 54 болох бодит эрсдэл нүүрлэснийг НИТХ-ын гишүүдэд танилцуулав.
Ирэх намар БШУЯ-ны харъяа шинжлэх ухаан, технологийн бүх цогцолборыг Амгалан руу нүүлгэн шилжинэ. Нүүлгэн шилжүүлбэл олон барилга сулрах боломжтой. Тэдгээр барилгуудыг сургуулийн зориулалтаар засаж, тохижуулбал сургуулийн барилгын тоо нэмэгдэх боломжтой гэлээ.
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль барьж, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 90 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Л.Энх-Амгалан: 2023-2024 оны хичээлийн жилээс нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахыг хориглоё гэж байгаа.
2023-05-02 10:10:00