2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар төгрөгийн хадгаламж 13.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас нэг хувь буюу 129.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.5 хувь буюу 620 тэрбум төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 11.8 их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.
Харин валютын хадгаламж зургаан их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 176.9 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 их наяд төгрөгөөр өсжээ. Ханшийн хувьд, Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 3524.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 623.15, өмнөх сарынхаас 16.92 төгрөгөөр суларсан үзүүлэлттэй байна.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш дээрх сард 511.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 54.14 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 2.41 төгрөгөөр чангарчээ. Төв банкаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 46.26 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.42 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.89 төгрөгөөр чангарсан байна.