Сүүлийн жилүүдэд эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолттой холбоотой асуудал хүмүүсийн дунд ихэд өргөн дэлгэр түгэж буй. Гэхдээ оффис ажилтай хүмүүсийн хувьд хоолны дэглэм барих, эрүүлээр хооллох нь боломжгүй мэт санагддаг. Үнэн хэрэгтээ оффис дээрээ ч хоолны дэглэмээ үргэлжлүүлэх боломжтой бөгөөд үүнд туслах хэд хэдэн арга гэж бий.
Зорилго нэгт хамтрагчтай болох
Хамт ажилладаг хүмүүсийн дунд таны адил хоолны дэглэм барьж буй хэн нэгэн байж л таараа. Зорилго нэгтэй хүмүүс бие биенээ улам зоригжуулж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж чаддаг. Хамтрагчтай байхын бас нэгэн ач тус бол дэглэмээ алдсан ч хурдан хугацаанд эргээд зөв хооллолтдоо ордог билээ. Тиймээс та хамтрагчтай болж, зорилгодоо хүрэх нь чухал.
Их хэмжээний нүүрс ус агуулсан, хэт чихэрлэг “snack”-аас татгалзах
Ажлын ачаалал, стресс бухимдлаа сахарын агууламж өндөртэй зүйлсээр дарахаас аль болох зайлсхийх нь чухал. Ийм төрлийн snack-ийг жимс жимсгэнэ, самар, тараг, сүүгээр орлуулах боломжтой.
Зөвхөн ус, кофегоор өдрийг өнгөрүүлж болохгүй
Хоолны дэглэм барина гэдэг нь огт юм идэхгүй байна гэсэн үг биш. Бие организмд зайлшгүй шаардлагатай уураг, ногоо болон эрүүл хүнсэнд байдаг нүүрс усны зохистой хэмжээг өдөр бүр авах хэрэгтэй. Түүнчлэн сэтгэл зүйн дарамт, стресст өртөхгүйн тулд идэхийг хүсэж буй амттанаа хааяа ч болов багахан хэмжээгээр идэхэд гэмгүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хамгийн чухал нь хэтрүүлж болохгүй.
Хөдөлгөөнтэй байх
Оффисын ажилчид ихэнхдээ л ажлын ширээний ард сууж цагийг өнгөрөөдөг. Байнгын суугаа ажил хийх нь цусны эргэлт болон хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс аль болох дасгал хөдөлгөөн хийж, өдрийн цайны цагаараа 10-20 минут агаар амьсгалангаа гарч алхахыг хичээгээрэй.
Хоол хүнсний блогуудаас гарах
Байнга амттай, сайхан харагдах хоолны зураг, бичлэг үзэх нь хоолны дуршлыг улам нэмэгдүүлдэг. Дэглэм барьж байх хугацаандаа Facebook, Instagram дээрх хоолны блог, пейж хуудаснаас гарах нь зөв шийдвэр байх болно. Харин түүний оронд зөв, эрүүл хоолны жоруудаас хуваалцдаг блог болон цахим хуудсыг дагах нь танд хэрэгтэй.