Эрүүл мэндийн яам Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ард иргэдийн дунд зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх чиглэлээр дэмжлэгт хяналтын үйл ажиллагааг явуулж байна.
ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨ-ий хэлтсийн дарга Г.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 5-6-нд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлэг, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 23-ны хуралдааны 17 дугаар тэмдэглэлээр тухайн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 тоот тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулан явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд буюу 2022 оны тавдугаар сарын 1-нээс энэ оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 932,069 хүн хамрагдсанаас 421,483 буюу 45.2 хувь нь эрэгтэй, 510,586 буюу 54.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 467,634 буюу 50.2 хувь нь Улаанбаатар хотод, 464,435 буюу 49.8 хувь нь орон нутгийн иргэд эрт илрүүлэгт хамрагджээ. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн 62.0 хувь нь 0-17 насны хүүхэд, 38.0 хувь нь 18-аас дээш насныхан байна.
ЭРТ ИЛРҮҮЛГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ЭМНЭЛГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА
2023-04-06 15:27:00