Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шайбтай Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн анх удаагаа Улаанбаатар хотноо 2023 оны 3 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Мөсөн Өргөө – Steppe Arena-д амжилттай зохион байгуулагдлаа.
Хоккейн спорт нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын баг тамирчид маань байнгын сургуулилт хийх боломж бүрдсэн тул ур чадвар нь улам сайжирч, хөгжөөн дэмжигчдийн бахархлыг төрүүлэн олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргах нь дамжиггүй.
ДАШТ-ий тоглолтын хаалтын өдрийн арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож, Филиппин улсын шигшээ багийн тамирчинд тус тоглолтын “Шилдэг тамирчин” цомыг гардуулан өглөө.
Хоккейн IV Дивизионы ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан Монголын хоккейн холбоо, Мөсөн өргөөн хамт олонд талархал илэрхийлье.
Цаашид Олон улсын хоккейн холбоотой улам нягт хамтран ажиллаж, олон томоохон тэмцээн уралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж улмаар өсвөр үе, залуучуудад Олимпын төрлийн спортыг сурталчлах, хоккейн спортоор хичээллэх, алдартай тамирчидтай уулзах боломж олгохын төлөө хамтран ажиллана гэж найдаж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.