Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнгөрсөн сарын 18-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал солилцох үеэр МЭМАҮЭ-ийн холбооны гишүүн байгууллага анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультан, гишүүд, эмч, ажилтнуудтай хийхээр товлосон уулзалт өнгөрсөн баасан гариг /2023-03-10/-т МҮЭ-ийн Соёлын төв ордонд болсон.
Эрүүл мэндийн салбарын төлөөлөл 200 гаруй хүн оролцсон уг уулзалтын эхэнд С.Чинзориг сайд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар танилцуулж эмч, эмнэлгийн ажилтнуудын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудынх нь талаар сонсон шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм.
Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд дэлхий нийтэд тархсан ковид-19 цар тахлын амаргүй хүнд цаг үеийн гол ачааг нуруундаа үүрэн зүтгэсэн эрүүл мэндийн салбарынханд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд УИХ-аас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах, Засгийн газраас санхүү хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласны үр дүнд ковидын цар тахлыг хохирол багатай давсан цөөн орны нэг гэсэн үнэлгээг ДЭМБ-аас авсныг дуулгав.
Сайд С.Чинзориг сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж ирсэн алдаагаа засч нийгмийн эрүүл мэндийн анхдагч суурь хуультай болох шаардлагатай байгааг онцлоод “Өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь өмнө урьчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоог оновчтой тодорхойлсон Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай болохоор ажиллаж байна.
Хувь хүний эрүүл мэндийн 10-12 хувь л эрүүл мэндийн байгууллагатай хамааралтай, үлдэх 80 хувь өөрөөс нь шалтгаалдаг тул иргэний эрүүл мэндийн боловсролыг дэмжих чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог хангасан үйл ажиллагааны цогц төлөвлөгөө, стратеги боловсруулан ойрын үед Засгийн газарт оруулна. МҮОНРТ-тэй иргэний эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсон хамгийн гол нь нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг системтэйгээр өгөх боломж бүрдэж байгаа.
Манайд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой стандартууд байдаг ч эдгээрийг боловсронгуй болгох шаардлага байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт мөрдөх үйлчилгээний стандарт гаргах нь зөв хэмээн үзэж лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тохирсон стандартыг боловсруулж ирэх сарын 1-нээс мөрдүүлэх үүргийг өгсөн.
2011-2012 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин нэлээд бүрдсэн хэдий ч үүнээс хойш шинэчилсэн найруулгаар нэг ч хууль батлуулаагүй, суурь хуулиудын 60-70 хувьд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ тохиолдолд батлагдсан хуулийн суурь концепц зарчим үндсэндээ алдагддаг учраас 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөж буй бөгөөд УИХ-ын хаврын чуулганаар Тамхины хяналтын тухай, Тусгай сангийн тухай, Эмийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг яаралтай оруулна. Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи гэж ямар ч зохицуулалтгүй, хяналтгүйгээр ялангуяа өсвөр насныхны хэрэглээ болоход ойрхон байгаа бүтээгдэхүүнийг утаат тамхитай адилхан худалдан борлуулах зохицуулалттай, татвартай болгохоос өөр аргагүй.
Монгол Улсад эмчилж, оношилж чадахгүй 26 төрлийн өвчин байгааг 2017 онд сайдын тушаалаар баталгаажуулсан байдаг. Нэгэнт өөрсдөө эмчилж оношилж чадахгүй бол эдгээр өвчнөөр өвчилж шаналж байгаа иргэддээ тодорхой дэмжлэг үзүүлдэг байхаас өөр аргагүй. Иргэнээ дээдэлсэн ардчилсан төртэй улсын хувьд ийм арга хэмжээ авах ёстой. Тиймээс дотооддоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг анагаах арга технологи, эмнэл зүйг оруулж ирж нутагшуулбал зардлыг нь ЭМДС-гаас санхүүжүүлдэг байх зохицуулалтыг хийхийн тулд Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна.
Иргэд сүүлийн нэг жилд эм, тарианы үнэ маш их өссөнийг ярьж байгаа. ҮСХ-ны судалгаагаар нэг жилийн хугацаанд эм тарианы үнэ 40 хувиар нэмэгдсэн дүн бий. Эм тарианы чанар, соёлтой хэрэглээг төлөвшүүлэх, мөн онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх эм тарианы улсын нөөц бүрдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудал эмийн салбарт байгаа тул Эмийн тухай хуулийг УИХ-д яаралтай оруулж тулгамдсан асуудлыг нь шийдэх гарц шийдлийг олох ёстой” хэмээсэн.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлээр санхүүжилтийн тогтолцоонын талаар “Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор гүйцэтгэлийн санхүүжилт бодитойгоор хэрэгжсэн гэж хэлэхэд хэцүү байх. Болж байгаа ч зүйл бий, болохгүй байгаа нь байна. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар Ц.Эрдэмбилэг зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсэг гаргаад зарим тусламж үйлчилгээний өртгийг дахин хянах, тарифт өөрчлөлт оруулах замаар ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлага байна. Шулуухан хэлэхэд энэ гүйцэтгэлийн санхүүжилт өвчлөөд байвал сайн, хэвтэн эмчлүүлээд байвал сайн, өндөр өртөгтэй шинжилгээ, мэс засал хийгээд байвал сайн гэдэг рүү явж байна. Клиник эмнэлгүүд дээр амбулаторийн үйлчилгээ байхгүй болсон. Хувийн эмнэлгүүд зөвхөн өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээг шүтэж, үзүүлж байгаа үйлчлүүлэгчийг шаардлагатай эсэхээс үл хамааран өндөр өртөгтэй MRI, томографт харуулахыг зөвлөж байна. Бүр тодруулбал, хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр хүн тутмын нэг нь өндөр өртөгтэй оношлогоо шинжилгээнд хамрагдаж байгаа дүн бий. Энэ бүхнээс харахад гүйцэтгэлийн санхүүжилт яг таг таарч байна гэхэд өрөөсгөл. Дэлхий нийтийн хандлага, өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 50-иас дээш хувь нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээ байдаг бөгөөд санхүүжилтийнхээ 50-80 хувийг энэ чиглэлд зарцуулдаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээнд санхүүгийн эх үүсвэрийнхээ дөнгөж 19 хувийг өгч байгаа нөхцөлд орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хүргэхэд хүндрэлтэй. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ЭМДС-гаас жилд 200 орчим тэрбумын санхүүжилт авч, нийт ачааллын 31 хувийг дааж байхад тэдэнтэй яг ижил хэмжээний санхүүжилт авдаг хувийн эмнэлгүүд ачааллын ердөө 7.0 хувийг үүрдэг. Эндээс харахад хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй, зардал багатай, хөнгөвтөр өвчтөнийг авдаг. Дүүргийн эмнэлгүүд өртөг багатай, зардал ихтэй, хүнд өвчтөнүүдийг авдаг. Тиймээс санхүүжилтийн аргад өөрчлөлт хийхээс аргагүй байна.
ЭМДҮЗ-ийн тогтоолд анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих чиглэлд өөрчлөлт оруулж, энэ хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг ч давхар авч үзэх, эх үүсвэрийг бий болгох шаардлага байгаа” гээд салбарын ажиллагсдын цалин хөлсний тогтолцоонд өөрчлөлт оруулах зорилгоор ХНХЯ-тай хамтран Ажлын хэсэг гаргасан. Энэ Ажлын хэсэгт эрүүл мэндийн байгууллагууд, үйлдвэрчнийхэн гээд бүхий л талын төлөөлөл орсон гэдгийг хэлж байлаа.
Уулзалтад оролцогчдоос эмнэлгүүдийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилт, ажиллагсдын цалин, нийгмийн хамгаалалтай холбоотой олон санал хэлсэн.
Тухайлбал,
-Эмч нарын цалингийн асуудлыг яаралтай авч үзэхгүй бол чадварлаг боловсон хүчнээ гадагшаа алдаад дуусах нь.
-Гадны улс орнуудад эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан багш эмч нараар гүйцэтгэлийн санхүүжилтийн хяналт хийлгэдэг тогтолцоог нэвтрүүлэх
-Лавлагаа шатны эмнэлгүүдэд ТУЗ байх нь зөв эсэхийг эргэж харах
-Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн бодлого алдагдсан, сувилагчийг хуучин системийн үед хоёр жилээр бэлтгэдэг байсан. Хийх ажил, хүлээх үүрэг нь өөрчлөгдөөгүй атал одоо дөрвөн жил сургаж байгаа нь хувийн сургуулийг л тэжээх гэсэн арга
-Яаралтай түргэн тусламж хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордоггүй, цалин ч ялгаагүй учраас сүүлийн үед резидентүүд сонгохоо больсон. Одоогийн байдлаар УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг л яаралтай тусламжийн эмчээр хангагдсан бусад эмнэлэгт хомсдолтой
-Эмч нарыг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй. Иргэдийн дарамтад ажилладаг болсон. Эмч эмнэлгийн мэргэжилтэний нэр хүндийг сэргээх, иргэдэд ойлгуулах эерэг хандлагатай үйлчлүүлэх соёлтой үйлчлүүлэгчийг бий болгомоор байнаа.
-Эмнэлгүүдэд парк шинэчлэл хийж туулах чадвар сайтай машинаар хангах
-Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүмүүс хэзээ чөлөөлөгдөх вэ
-ХӨСҮТ-ийн үндсэн үүрэг халдварт өвчний дэгдэлтийг хумих, өвчин гарахгүй байхад чиглэх ёстой атал гүйцэтгэлийн санхүүжилтээр өвчин гарч байвал авах мөнгө нь их байх буруу зохицуулалттай байна.
-Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн Засгийн газрын 107 дугаар тогтоолоор цалинждаг. Үндсэн цалинг дор хаяж 30 хувиар нэмж өгнө үү
-Ур чадварын нэмэгдэл олгох боломжийг бүрдүүлэх
-Хамтын төлбөрийн тогтолцоонд шилжиж байж иргэд эрүүл мэнддээ анхаардаг болохоос гадна ЭМДС-д төвлөрөх мөнгө нэмэгдэж ажиллагсдын цалинг бодитоор нэмэх боломж бүрдэнэ
-Хөдөлмөрийн норм норматив гэж байна уу? Робот ч байсан амжуулахгүй их ажлыг хийж байна. Өвдөж ч чадахгүй сувилагч нар маань зүтгэж байна. Суурь норм норматив байхгүй бол юутай харьцуулж гүйцэтгэлийг үнэлэх вэ?
-Томилолтын мөнгө, урамшуулал болон илүү цагийн хөлснөөс татвар, нийгмийн даатгалын шимтгэл авахгүй байж болохгүй юу
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийг дахин тооцож зарим үйлчилгээний үнэлэмжийг дээшлүүлэх шаардлага байна
-Эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг орон сууцны ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах зэрэг салбарын үйл ажиллагаатай хэлсэн санал бүрийг нухацтай авч үзэж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, МЭМАҮЭХ-той хамтран төлөвлөгөө гарган ажиллана. Салбарынхаа тулгамдсан асуудлыг ярилцаж, гарц шийдэл хайсан ажил хэрэгч уулзалтыг уламжлал болгон улирал бүр зохион байгуулдаг байхад болохгүй зүйл үгүйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын төгсгөлд хэлсэн юм.
С.ЧИНЗОРИГ: ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЯРИЛЦАЖ, ГАРЦ ШИЙДЭЛ ХАЙСАН АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТЫГ УЛИРАЛ БҮР ХИЙСЭН Ч БОЛНО
2023-03-14 16:30:00