8o
Улаанбаатар хот
mobile menu

ГИЗАГИЙН АГУУ ПИРАМИДААС 9 МЕТР УРТ НУУЦ ХОНГИЛ ОЛЖЭЭ

2023-03-03 13:49:00

Египетийн эртний эдлэл судлаачид Гизагийн агуу пирамидаас урьд өмнө мэдэгдэж байгаагүй нууцлаг хонгил олсон гэдгийг мэдээлжээ. Пирамидын орох гарцын дээр далд байрласан хонгил 2.1 метр өргөн, 9 метр урт байна.

Мэргэжилтнүүд уг хонгилыг пирамидын жинг хуваарилахаар барьсан, аль эсвэл өмнө илрээгүй нууцлаг зан үйлийн танхим гэж үзэж байгаа юм. Судлаачдын баг уг хонгилыг муографи буюу рентген туяа ашиглан 2016 онд анх илрүүлжээ. 

Уг технологийн тусламжтайгаар агуу пирамидын орох гарцаас дээш 7 метр өндөрт, арын нүүрний зэргэлдээ чулуун шувуу нурууны хэсэгт хоосон орон зай байгааг тогтоосон байна. Судлаачид радар болон хэт авиа ашиглан нэмэлт туршилт, судалгаа явуулжээ. 

Хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан мэдээллээр уг хонгилын хана барзгар чулуугаар хийгдсэн бол дээвэр нь гүдгэр чулуугаар хийгдсэн байна. Судалгааны багийн ахлагч Мостафа Вазири уг хонгилыг үргэлжлүүлэн нарийн судлахаа мэдэгджээ. 

Агуу пирамид нь МЭӨ 2609-2584 оны хооронд Гизагийн хөндийд баригдсан гэж үздэг. Хуфу фараоны дөрөв дэх хаанчлалын үед баригдсан уг пирамид нь 146 метр өндөр ажээ. Хэдийгээр дэлхий дээр байгаа хамгийн эртний, хамгийн том байгууламж хэдий ч үүнийг хэрхэн барьсан нь нууцлаг хэвээр байгаа юм. 

Эрдэмтэд уг агуу бүтээн байгуулалтын нууцыг тайлахыг эрэлхийлсээр байна. Магадгүй эртний Египетийн фараон Хуфугийн шарил одоо ч уг пирамидад хадгалагдаж байж болох юм. 

Эх сурвалж: ВВС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment