8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛТЭЙ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ЗАРЧМААР НЯГТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2023-03-01 12:52:00

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал солилцлоо.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа болон тус холбооны төлөөлөл салбарын ажиллагсдын суурь цалинг нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд анхаарахыг Эрүүл мэндийн сайдаас хүсч гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор лавлагаа шатны том эмнэлгүүдээс бусад дүүрэг, аймаг, сумын эмнэлгүүдэд үндсэн цалинг нэмэх боломж олдохгүй байгаа нь хүний нөөц ялангуяа сувилагч, тусгай мэргэжилтэн хомсдоход хүргэж буйг хэлсэн. Мөн ЭМД-аас санхүүждэггүй эмнэлгүүдийн цалин хөлс, ажлын ачаалал, үнэлэмж, ур чадварын үнэлгээ, эмч бэлтгэх сургалтын чанар, эмнэлгийн ажилтнуудын нормын хувцасны хангалт, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх боломж зэргээс гадна эрүүл мэндийн салбарт орхигдсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ч анхаарах шаардлага байгаа гэв. Түүнчлэн салбарын хамтын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой зарим нэг асуудлыг эргэж харах хэрэгтэй байгааг дурдаад Үйлдвэрчний байгууллагын зүгээс ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулсан.
С.Чинзориг сайд ЭМЯ, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо аль аль нь салбарын хөгжил, эмч, ажиллагсдынхаа төлөө нэг сэтгэлээр зүтгэж хүн ардад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах том зорилгод нэгдэж буй тул тулгамдаж буй асуудлаа ярьж хэлэлцэх замаар хамтарч шийддэг байх нийгмийн түншлэлийн зарчмаар эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх аливаа асуудалд Үйлдвэрчний эвлэлийн дэмжлэгийг авч, оролцоог хангаж ажиллах нь зөв гэдэг байр суурьтай байгаагаа онцлоод  цаашид хийхээр төлөвлөж буй бодлогын шинжтэй томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан.



Ялангуяа иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагад үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг бий болгоход анхаарах зайлшгүй шаардлага байгааг хэлсэн. Салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Эмийн тухай, Тамхины хяналтын тухай зэрэг хэд хэдэн хуулийг шинэчлэхээр ажиллаж буйгаа дуулгав. Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтэд тодорхой тохируулгыг хийх замаар эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг тэнцвэржүүлэх, хүн амд үзүүлж буй анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, зарим төрлийн оношлогоо, эмчилгээний өртгийн тооцооллыг дахин хийхээс гадна шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд гэрээний хугацаанд баригдалгүйгээр санхүүжилтийг олгодог байх зэргээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж эхлээд байгаа юм.
Эрүүл мэндийн сайд салбарын ажиллагсдын цалин хөлсийг нэмэх асуудлаар Үйлдвэрчний байгууллагатай хамтарч ажиллах боломжтойгоос гадна эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсдыг Эрсдэлийн даатгалд хамруулдаг тогтолцоог бий болгох, Хариуцлагын даатгалыг эрүүл мэндийн салбарт оруулж ирэхээр ажиллаж буйгаа ч хэлсэн.  



Мөн сайд ямар ч асуудлыг яриа хэлэлцээний журмаар шийдэх нь зөв гэж үздэг учраас Үйлдвэрчний байгууллагынхныг яамтай ойр нягт хамтран ажиллахыг дэмжихээ илэрхийлээд ойрын үед Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран салбарын ажиллагсдын төлөөлөлтэй нэгдсэн уулзалт зохион байгуулахаар товоо тогтов.
Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан саналуудыг шийдвэрлэх зорилгоор хоёр талаас хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахаар боллоо.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл