8o
Улаанбаатар хот
mobile menu

Гаднын банкыг оруулж ирэх хэлэлцээрийг идэвхтэй хийж байна

2023-02-27 13:25:00

2023 оны сүүлийн хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх бодлогын арга хэмжээнүүд дунд эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй салбаруудад либералчлал хэрэгжүүлэхээр болжээ. Үүн дотроо эрчим хүчний салбар, төмөр зам агаарын тээвэр багтаж байгаа бол хамгийн анхаарал татсан нь банкны салбарын реформ буюу өрсөлдөөнийг дэмжих байв.

Өөрөөр хэлбэл гадны банкууд Монгол Улсад орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөөнд орж банкны зээлийн хүү буурах  давуу талтай. 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр /2023.02.20/  танилцуулах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар дурдав. Тэрбээр "Ерөнхий сайд БНСУ-д айлчлал хийсэн. Өмнө нь зээлийн талаар ярилцдаг байсан бол энэ удаад зээл биш гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах чиглэлээр хэд хэдэн уулзалтыг амжилттай хийлээ. Томоохон компанийн төлөөллүүдтэй уулзсан. Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд зээл биш гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг хэлмээр байна. Тиймээс ч гаднын банкнуудыг Монгол Улсад оруулж ирэх яриа, хэлэлцээрийг идэвхтэй хийж байна" гэв.

Өмнө нь тэрбээр  "Жишээ нь дэлхийн топ 100 банкны 1 байх, эсвэл Монголд 1 жил үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэх зэрэг шаардлагуудыг болих хэрэгтэй. Ингэснээр гадны банк орж ирэх нөхцөлийг хангачихвал энэ нь Монголд бий болох  санхүүжилтийн хэмжээ болон  банкны хүү буурахад нөлөөлнө" гэж хэлж байсан удаатай.

Ташрамд дурдахад,  өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 6-нд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Өнөөдрийн үйлчилж байгаа Банкны тухай хуулиар хувийн өмчтэй гадны арилжааны банк Монгол Улсад салбараа байгуулах боломжтой. Хуулийн зохицуулалтын дагуу эхлээд төлөөлөгчийн газраа нээж тодорхой хугацааны дараа салбараа нээдэг. Өнөөдрийг хүртэл 6 банкны төлөөлөгчийн газар байсан ч гурван банк буцаад гарсан.

Одоо манайд Хятадын хоёр банкны төлөөлөгчийн газар, Японы нэг банкны төлөөлөгчийн газар л байна. Гэхдээ хувийн секторын банк гэдэг үүднээс Японы банк салбар нээж ажиллуулах боломжтой. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монголбанкинд салбараа нээх ганц ч банк хандаагүй. Уг нь бидний хувьд зөвшөөрөл олгоход бэлэн байна. Хэрэв төрийн өмчит банк байвал тусгай хуулийн зохицуулалттай. Эхлээд Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Харин хувийн өмчит банк бол нээлттэй" гэж мэдэгдэж байсан юм.

​​​​​​

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment