Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хороололд баригдаж байгаа Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн/ГССҮТ/ харьяа Түлэнхийн төв буюу “Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийн барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын баг бүрэлдэхүүн энэ сарын 10-ны өдөр тус эмнэлэгт ажиллажээ.
Эмнэлгийн орчин бүрдүүлэх агаар орчны цэвэрлэгээ, шаардлагатай шинжилгээнүүдийг цаг тухайд нь хийж, тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулсны дараа ашиглалтад хүлээн авахаар болсон байна.
2017 онд эхлэл нь тавигдсан уг эмнэлгийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаас 15.3 тэрбум, улсын төсвөөс 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгаа.
Өдгөө ашиглалтад оруулахаар зэхэж буй эмнэлгийн “Б” блокийн барилга нь зоорийн давхартайгаа нийлээд найман давхар бөгөөд нийт 13,926 м.кв талбайтай, 240 ортойгоор иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ.
“Б” блокийн барилга:
- Амбулаторийн нэгдсэн тасаг
- Эрчимт эмчилгээний тасаг
- Яаралтай тусламжийн тасаг
- Ясны эмгэг мэс заслын тасаг
- Нөхөн сэргээх мэс заслын тасаг
- Сэргээн засах эмчилгээний тасаг
- Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасаг
- Түлэгдлийн төв
- Спорт гэмтлийн төв гэсэн бүтэц зохион байгуулалттай байна.
Эмнэлгийн “А” блокийн барилгыг өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулж, үйлчлүүлэгч хүлээн авч эхэлсэн.