8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын томоохон мужийн хүн амын 90 хувь коронавирусийн халдвар авсан

2023-01-10 13:23:00

Хятад улсын хүн амын тоогоор эхнээсээ гуравт жагсдаг том мужид коронавирусийн халдварын түвшин 90 орчим хувьд хүрсэн тухай орон нутгийн эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

“Нэгдүгээр сарын 6-ны байдлаар мужийн хүн амын 89 хувь нь вирусийн халдвар аваад байна” гэж Хятадын төв бүсийн Хэнань мужийн эрүүл мэндийн хорооны захирал Кан Чуанчэнь өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Тус муж 99.4 сая хүн амтай тул халдвар авсан хүний тоо 88.5 сая орчим юм.

Арван хоёрдугаар сарын 19-ны өдөр мужийн эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрч, дараа нь тасралгүй буурч эхэлснийг Кан Чуанчэнь бас мэдээлжээ.

Хятадын эрх баригчид өнгөрсөн сарын эхээр “тэг ковид” бодлогоосоо татгалзсан бөгөөд бараг гурван жилийн дараа өнгөрсөн Ням гарагт хилээ нээсэн юм.

Удахгүй болох сар шинийн баярын үеэр тус улсад вирусийн халдвар тархалт улам нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж байна.

Уг баяртай холбоотой дотоодын шилжилт хөдөлгөөн эхэлж, өнгөрсөн Бямба гарагт 34.7 сая орчим хүн орон нутагт зорчсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн тоо болохыг Хятадын төв хэвлэл мэдээлжээ.

Нэгдүгээр сарын 8-ны байдлаар Хятадад коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 5,722 байгаа нь дэлхийн жишигтэй харьцуулахад маш бага тоо юм. Тиймээс Бээжингийн эрх баригчдын гаргаж буй тоон мэдээлэлд эргэлзсэн улс орнууд Хятадаас ирэх зорчигчдод шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж эхлээд байгаа.

Өчигдөр Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүд сүүлийн таван сарын хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн нь Хятадын эдийн засаг нээгдэж эхэлсэн тухай сайн мэдээтэй холбоотой байв.

Гэхдээ эдийн засгийн сэргэлт цар тахлын өмнөх түвшинд хүрэхэд хугацаа хэрэгтэйг судлаачид анхааруулж байна.

Тухайлбал 2023 онд Хятадын дотоодын аялал жуулчлалын салбарын орлого цар тахлын өмнөх үеийн хэмжээний 70-75 хувьд хүрэх бол гадаад жуулчлалын орлого 30-40 хувьд хүрэх таамгийг China News сонин Ням гарагт гаргасан байна.

 

Эх сурвалж: The Guardian

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл