Сэндбоксын зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 26-нд болж “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ын төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон сэндбоксын орчинд туршигдаж буй хоёр, шинээр турших гурван бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар буюу нийт зургаан асуудал хэлэлцлээ.
Хуралдааны үр дүнд “Мобифинанс ББСБ” ХХК-ийн “Монпэй” цахим мөнгөнд суурилсан дижитал бонд сэндбоксын орчинд амжилттай туршигдан гарсан бол “Мони Маркет Фанд” ХХК-ийн Монимаркет вэб системээр дамжуулан репо хэлцлийн хүсэлт хүлээн авах, хэлцлийн дагуу худалдах, худалдан авах үйлчилгээг Сэндбоксын зохицуулалтын орчинд ахин нэг жилийн хугацаанд туршихаар боллоо.
Түүнчлэн “Зээл Эм Эн Платформ ББСБ” ХХК-ийн Зээлмн платформоор дамжуулан олгох Р2Р зээлийн үйлчилгээ, “Финберри” ХХК-ийн платформд суурилсан зээл, урамшуулал, хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ, “Монре Даатгал” ХХК-ийн Лайка платформоор дамжуулан даатгалын бүтээгдэхүүн санал болгох, худалдах цахим үйлчилгээг сэндбокс зохицуулалтын орчинд мөн нэг жилийн хугацаанд туршихаар шийдвэрлэлээ. “Зээл Эм Эн Платформ ББСБ” ХХК-ийн хөгжүүлж буй Р2Р зээлийн үйлчилгээ нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд шинээр нэвтэрч буй үйлчилгээ бөгөөд 100 хувь цахимаас гадна хиймэл оюун ухаан, блокчэйн технологийг зээлийн үнэлгээ, бүртгэлдээ ашиглаж байгаагаараа онцлог давуу талтай.
Харин “Финберри” ХХК-ийн зээл, урамшуулал, хандивт суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээний хувьд жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдэд төслийн санхүүжилтийн хэрэгцээгээ түргэн шуурхай шийдэх боломжийг санал болгож буй бөгөөд манай улсын санхүүгийн системд дээрх төрлийн хамтын санхүүжилтийн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын орчин хараахан бүрдээгүй байгаа юм. Мөн “Монре Даатгал” ХХК-ийн Лайка платформ нь хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлага, эрсдэлд нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг ямар нэгэн зуучлагчгүйгээр өөрөө сонгон хэрэглэх, мөн эрсдэлийн газрын зураглалд суурилсан үнэлгээний платформ хөгжүүлж даатгалын эрсдэлийг үнэлэх зэрэг олон төрлийн давуу талыг хэрэглэгчдэд санал болгож буй юм.
Сэндбокс зохицуулалтын орчин нь технологийн дэвшилд суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хязгаарлагдмал орчинд турших, амжилттай туршигдсан бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, онцлогт тохирсон зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиглэлд зах зээлийн оролцогчид, бодлого гаргагчид хамтран ажиллах боломжийг олгодог зохицуулалтын арга хэрэгсэл бөгөөд манай улсын санхүүгийн зах зээлд нэвтрээд нэг жилийн хугацаа өнгөрч байна.
Иймд, Та бүхэн санхүүгийн салбарт шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдэл хөгжүүлж буй бол Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын албатай холбогдон өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ турших, холбогдох зохицуулалтын орчныг нь бүрдүүлэх, сайжруулах чиглэлд санхүүгийн зохицуулагч байгууллагууд болон төрийн холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой юм.
Сэндбокс зохицуулалттай холбоотой асууж тодруулах зүйлс байвал sandbox@frc.mn болон 51-261106 утсаар холбогдоно уу.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо