П.Орхон их спортдоо эргэн ирлээ. Магадгүй энэ өгүүлбэр спортын хорхойтнуудын 2022 онд сонссон хамгийн таатай мэдээ байх.
“Дэлхийн аварга, Азийн аваргын мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит алтан гранпригийн гурван удаагийн хошой аварга, Бакугийн алтангранпригийн мөнгө, Парисийн алтан гранпригийн хүрэл, Испанийн гранпригийн аварга, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга”.
Энэ бүх алдрын эзэн тэрээр идтэй, бяртай насандаа буюу 25 насандаа 2018 онд барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан юм. Эргэн санавал, чөлөөт бөхийн 2018 оны Азийн наадмын үеэр түүнээс допинг илэрч, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос барилдах эрхийг нь дөрвөн жилээр хассан. Мөн “Жакарта-2018” Азийн наадмын 62 кг-ын алтан медалийг нь хураан авч, үзүүрлэсэн Киргизийн бөх Айсулуу Тыныбековад нөхөн олгож байв. Харин энэ онд Спортын арбитрын шүүх Дэлхийн аварга П.Орхоны давж заалдах гомдлыг хэлэлцэж, түүний барилдах эрхийг есдүгээр сарын 16-нд сэргээснээр тэр их спортдоо эргэн ирлээ.
Тэр хоёр алт, багаараа нэг хүрэл медаль хүртлээ
Тэр одоогоор дотоодын нэг, олон улсын хоёр тэмцээнд оролцож, нэг хүрэл, хоёр алтан медаль хүртээд байна. Эхнийх 2022 оны арваннэгдүгээр сарын 12, 13-нд болсон гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын нэрэмжит тэмцээн бөгөөд тэрээр алтан медаль хүртсэн.
Дараагийнх нь АНУ-ын Нью-Йорк хотноо болсон арваннэгдүгээр сарын 18-19-нд болсон “Bill farrel”-ийн нэрэмжит олон улсын тэмцээн бөгөөд мөн л алтан медаль хүртсэн.
Гурав дахь нь АНУ-д арванхоёрдугаар сарын 10-11-ны хооронд болсон Дэлхийн цомын тэмцээнээс багаараа хүртсэн хүрэл медаль байлаа.
Дэвжээгээ санасан П.Орхон, шавиа хүлээсэн Ц.Хосбаяр нар эргэн дэвжээнээ эргэн ирсэн тухайгаа ийнхүү өгүүлжээ.
П.Орхон: Тамирчны замналын түүхэн дэх амаргүй хамгийн хүнд, хэцүү, уртын урт он жилүүдийг ардаа үдлээ
Эрх нь сэргэсний дараа анх удаа олон улсын дэвжээнд гарч, медаль хүртсэнийхээ дараа П.Орхон ийнхүү өгүүлсэн юм. “Өнөөдөр АНУ-ын New York хотноо болсон “Bill farrel”-ийн нэрэмжит олон улсын тэмцээнд дөрвөн жилийн дараа түрүүлж алтан медаль хүртэж чөлөөт бөхийн олон улсын дэвжээнээ эргэн ирсэндээ баярлаж ,баярын нулимстай сууна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн хэдий ч тамирчны замналын түүхэн дэх амаргүй хамгийн хүнд, хэцүү ,уртын урт он жилүүдийг ардаа үджээ. Миний унаж босоход үргэлж хажууд минь байж хана мэт түшиг болсон хань чамдаа, аав, ээж, ах дүү, найз нөхөд, хөгжөөн дэмжигч нартаа болон бөхийн эрдэм зааж дэлхийн аваргын бүсийг зүүлгэж өгсөн ачит багш МУГД Ц.Хосбаяр, МУГТ Ц.Цогтбаяр нартаа юун түрүүнд баярлалаа гэж хэлье. Миний хамгийн эрхэм хүмүүс байж үргэлж урам зориг, итгэл найдвар төрүүлж өдий хүртэл надад итгэж туслан дэмжиж яваа Н.Батсайхан ах түүний гэргий Д.Солонго эгч нартаа чин сэтгэлээсээ талархаж яваагаа илэрхийлье. Энэ тэмцээн нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж, алхам алхмаар амжилтаа ахиулан дараачийн зорилгоо тавин урагшлахад надад маш их урам зоригийг өглөө. Цаашдаа би сайн хичээж зорьсон зорилгодоо хүрч та бүгдийгээ баярлуулах болноо” хэмээсэн.