Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 10 дугаар сарын эцэст 22.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 174.1 (0.8 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (13.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 52 хувь нь иргэдийнх, 46.6 хувь нь хувийн байгууллагынх, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх, 0.6 хувь нь төрийн байгууллагынх байв. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 10 дугаар сарын эцэст 18.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 329.8 (1.7 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (10.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 10 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 63 (5.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 191.9 (18.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж байгаа аж. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны 10 дугаар сарын эцэст 2.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 92.7 (3.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 680.9 (34.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.7 хувийг эзэлж байв.