8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах талаар ХЭН, ЮУ хэлэв?

2022-11-09 13:40:00

Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах талаар улс төрч, эдийн засагч, шинжээчдийн хэлсэн байр суурийг нэгтгэн хүргэж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан

Ипотекийн зээлийн хүүгийн 8 хувийг 2 хувиар буулгаж 6 руу оруулах тухай ажлын хэсэг байгуулагдаад санал дүгнэлтээ гаргасан байгаа. Энэ асуудал Засгийн газрын хурлаар орж шийдэгдэх ёстой байгаа. 110 мянган айл өрхийн эрх ашиг байна. Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах асуудал ер нь байхгүй гэж ойлгох хэрэгтэй. 2 жил чөлөөлсөн. Хойшлуулах тусмаа дараа нь иргэдэд дараа нь өөрсдөд нь хүндрэлтэй ачаалал үүснэ. Хоёр жил төлөөд явах байсан төлбөр дахиад жилд төлөх байсан бол гурван жилд төлж барагдуулна гэсэн үг. Иргэдэд ч хугацаандаа төлөөд явах нь хэрэгтэй. Одоо сарын 45 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гараад олгоод явж байна. Банкууд дээр удаж байгаа асуудал бий. МИК дээр бас банк хооронд гэрээ хэлэлцээр нэгтгэх, судалгаа авах гэдэг дээр удаж байгаа зүйл байгаа. Гэхдээ санхүүжилт огт хийгдэхгүй, зээл олгохгүй байгаа гэдэг нь бодитой мэдээлэл биш.

NTV-д өгсөн ярилцлагаас

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

Эхлээд 8 хувийн хөтөлбөр, 6 хувийн хөтөлбөр болоод бүгдээрээ жигдхэн 6 хувь руу ороход ямар ч асуудал байхгүй. Одоо төлөгдөж байгаа мөнгө дүн маань өөрөө сардаа орж ирж байгаа мөнгө маань эргээд гарахад хэвийн байхаар ийм эх үүсвэр болчихож байгаа учраас энийг ил тод хариццлагатай авч явах тэр бүтэц хэрэгтэй байгаа юм. Ковидын хууль хэрэгжээд явж байгаа. Анх Ковидын хуулийг сунгана гэж байхад Төв банкны зүгээс хуулиа сунгаж болно, гэхдээ ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хэсгийг гаргаад хуулиа сунга гэсэн байр суурь хэлж байсан. Анх 2020 оны цар тахлын бүх зүйл хумигдсан үетэй харьцуулахад нөхцөл байдал өөр болсон нөгөө талаас ипотекийн зээлийн төлөлтөөр дараагийн зээлийн эх үүсвэр болдог гэсэн утгаараа ч тэр ипотекийн зээлийг төлөөд явах нь зүйтэй гэж үзэж байна.

zarig.mn 

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар

Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд улс төрөөс ангид байлгаж, зах зээлийн зарчим руу ойртуулах шаардлагатай. Саяхныг хүртэл зах зээлийн зарчим руу дөхөж байлаа. Макро эдийн засгийн орчин тогтвортой, бодлогын хүү зургаан хувьтай байх үед 6 хувийн зээл олгох боломжтой байсан. Харин одоо бодлогын хүү 12 хувь болсон үед зээлийн хүүг бууруулж, эргэн төлөлтийг хойшлуулна гэдэг нь боломжгүй. Урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бүрдүүлсний дараагаар зээлийн хүү, эргэн төлөлтөд анхаарах нь чухал. Тиймээс энэ бүхнийг тооцож хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэж харж байна.

news.mn 

Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар

Монгол банкны бодлогын хүү өссөн учир эрсдэлүүд бий болж байна. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкнаас гаргаж байгаа зээлийн тоо, хэмжээ буурч байгаа. Түүнчлэн барилгын материалын үнийн өсөлт ч энэ зээлийн тогтолцоонд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байна. Түүнчлэн 2020, 2021, 2022 онуудад ипотекийн зээлийн эргэн төлөлтийн улс төлүүлэхгүй байгаа. Тиймээс тэр мөнгө орж ирж, хуримтлал үүсэх учиртай. Эдгээрээс хамаараад зээлийн олголт удааширч байна. Зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгийг гаргаад, шинээр зээл олгодог. Тиймээс тоог нь нэмнэ гэвэл улсын төсөв дээр мөнгө тусгах ёстой. Гэвч Засгийн газрын талаас энэ мөнгийг шийдвэрлэж чаддаггүй. Энэ хөтөлбөрийн Засгийн газар руу шилжүүлэхийг олон улсын байгууллагууд анхааруулдаг. Тиймээс цаашдаа Монгол банкнаас Засгийн газар руу хэрхэн шилжүүлэх тухай яригдана. Түүнчлэн үүсэд байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тал талаасаа ярилцана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment