Мас-рестлингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Узбекистаны Алмалык хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд долоон орны баг тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсыг төлөөлөн "Монголын Мас-Рестлингийн холбоо"-ны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэнгээр ахлуулсан нийт 18 тамирчин оролцжээ.
Насанд хүрэгчдийн ангилалд нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн бол өсвөр үеийн тамирчид нэг алт, гурван хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлжээ. Мөн эмэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медаль хүртсэн Х.Мөнхтуяа үнэмлэхүй жинд медалиа ихэрлүүлсэн байна. Ингэснээр Монголын модон барилдааны тамирчид Ази тивийн аваргад анх удаа оролцож нийт 13 медальтай эх орондоо ирэх гэж буй. Өсвөр үеийн охидын 50 кг-ын жинд Говь-Алтай аймгийн тамирчин Т.Дөлгөөнтуяа алтан медаль хүртэж Монголын мас-рестлингийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Мөн Т.Дөлгөөнтуяа - 50 кг, Б.Пүрэвбат - 50 кг, Л.Мөнх-Очир - 60 кг, Д.Тэмүүлэн +80 кг, Х.Мөнхтуяа - үнэмлэхүй жинд тэмцээний хоёр дахь өдөр амжилт гаргаж, медаль хүртжээ.
Сонирхуулахад, манай баг тамирчид Узбекистаны Алмалык хот руу очихдоо 5200 кг замыг машинаар туулжээ. Мөн өнөөдөр эх орныхоо зүг хөдлөх гэж байна.