8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.ЛХАГВАСҮРЭН: ГАДААДЫН БАНК МОНГОЛД ОРЖ ИРВЭЛ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАД БЭЛЭН

2022-11-01 13:45:00

Т.ЖАНЦАН

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ирэх онд хэрэгжүүлэх Мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Учир нь УИХ-аар ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэж буй юм.

-Ирэх онд инфляцыг найман хувьд барина гэж ирэх оны Мөнгөний бодлогод тусгалаа. Гэтэл инфляц өнөөдөр 14 хувиар өссөн шүү дээ. Та бүхэн Мөнгөний бодлогын хүрээнд энэ зорилтоо хэрэгжүүлж чадах болов уу?

-Монгол Улсад өссөн инфляцын 60-70 хувь нь импортоор дамжин орж ирсэн. Тэр дундаа тээвэр, логистикийн зардал голлон нөлөөлж байна. Энэ нь нийлүүлэлтийн шинжтэй инфляц гэсэн үг. Тэгэхээр Мөнгөний бодлогоор үүнд нөлөөлөх нь төвөгтэй. Эрэлт талаасаа эдийн засаг сэргэж, бизнес идэвхжиж байгаа үед мөнгө санхүүгийн бодлогоор инфляцад нөлөөлж болдог. Гэсэн хэдий ч инфляцын хоёр дахь том давлагаа ирэх онд эдийн засаг сэргэх хэмжээгээр үүсэх магадлалтай юм. Иймд Монголбанкны зүгээс үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөнгөний бодлогоо чангалаад явж байгаа. Тэгэхээр ирэх оны Мөнгөний бодлогоор инфляцын дараагийн том давлагааг сөрөн зогсоно гэсэн үг. Инфляц өсөж байгаа үзэгдэл нь зөвхөн Монголд биш дэлхий нийтэд тулгарч байна. Манай улсын өргөн хэрэглээний сагсны 50-иас дээш хувь нь импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг. Иймд олон улсад өссөн инфляц буурч байж манай улсад импортоор дамжин орж ирэх нөлөө багасна гэж харж байна. Өнөөдөр дэлхийн улс орнуудын Төв банкууд Мөнгөний бодлогоо чангалж инфляцтай тэмцэж байгаа юм. Энэ нь 2023, 2024 онд инфляц зорилтод төвшинд буурч ирнэ гэсэн төсөөлөлд хүргэж байна.

-Манай улс “ченжийн” зах зээлтэй учраас өссөн үнэ төдийлөн буурдаггүй гэдэг шүү дээ. Ямар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хамгийн өндөр өсөлттэй байгаа вэ?

-Инфляцыг Үндэсний статистикийн хороо тооцдог. Тэгэхдээ өдөр тутам, хамгийн түгээмэл хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүнийг Өрхийн хэрэглээний сагс болгон авч үздэг. Үүнд 374 төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ багтдаг. Зарим бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөөгүй байхад нөгөө хэсгийнх нь инфляцын төвшнөөс ч өндөр өссөн байна. Жишээ нь статистикийн мэдээллээс харвал хүнсний ногооны үнэ өнгөрсөн оныхоос 60 хувиар өссөн байгаа юм. Тэгээд бусад нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулан тооцвол инфляц дунджаараа 13.5 хувийн өсөлттэй гарч байгаа. Энэ инфляцыг нэг оронтой тоонд оруулж буулгах нь өрхийн худалдан авах чадварт сайн нөлөө үзүүлэх нь мэдээж. Ийм учраас инфляцыг бууруулах, өсөх давлагааг нь тооцож сөрөх бодлого баримталж байгаа юм.

-Гадаад валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар болж буурсан мэдээлэл бий. Одоо ямар хэмжээнд байна вэ?

-Монгол Улсын гадаад валютын нөөц 2021 оны тавдугаар сард түүхэн дээд хэмжээнд буюу дөрвөн тэрбум 980 сая ам.долларт хүрч байсан. Гэвч манай улсын экспортын гол худалдан авагч БНХАУ “0-ковид” гэсэн хатуу бодлого хэрэгжүүлсэн. Үүнээс улбаалж экспорт саатах явдал гарсан. Одоо экспорт сэргэж байна. Засгийн газрын мэдээллээс харвал экспортын бүтээгдэхүүн тээвэрлэсэн авто машины өдөрт хил нэвтэрч буй тоо ковидын өмнөх хэмжээнд хүрсэн. Тэгэхээр нүүрсний экспорт сэргэж байгаа юм. Хөндөх ёстой бас нэг асуудал бий. Экспортод гарсан нүүрснийхээ хэмжээгээр мөнгө нь орж ирж байгаа эсэх асуудал бий. Тодруулбал, хоёр тэрбум орчим ам.доллар бэлэн мөнгөөр бус бараагаар орж ирсэн тал байгаа. Энэ нь бүтээн байгуулалттай холбоотой. Ялангуяа төрийн өмчит компаниуд тодорхой хэмжээнд бүтээн байгуулалт хийж байна. Экспортын орлого нь түүнд зарцуулагдаад гадаад валютын нөөцөд орж ирэхгүй байгаа хүчин зүйл бий. Өнөөдөр Монгол Улсын гадаад валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар болсон. Энэ нь импортын 3-4 сарын хэрэглээг хангах хэмжээнд байна гэсэн үг. Гадаад валютын нөөц импортын хэрэглээний гурван сараас доош орвол мэдээж анхаарал татах хэмжээнд хүрнэ гэсэн дохио. Иймд Монголбанк гадаад валютын нөөцийг аль болох бууруулахгүй байхаар зорьж ажиллаж байна.

-Бэлнээр бус бараа бүтээгдэхүүн болж орж ирсэн тэр хоёр тэрбум орчим ам.доллар экспортын орлогын хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ?

-Монгол Улсын импортын жилийн дундаж хэмжээ долоон тэрбум, экспорт нь есөн тэрбум ам.доллар болдог тооцоо бий. Тэгэхээр хоёрт тэрбум орчим ам.доллар бараа бүтээгдэхүүн болчхоор импорт, экспорт хоёр тэнцүү шахуу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл гадаад валютын нөөц нэмэгдэх орон зайгүй байна гэж харагдаж буй юм. Тэр хоёр тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн нь төмөр зам, боомтын хүчин чадлыг өргөтгөх, газрын тосны хоолой зэрэг улс орны эдийн засагт шууд нөлөөтэй бүтээн байгуулалтад зарцуулагдана. Гэсэн хэдий ч яг өнөөдрийн цаг үед гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх нь тулгамдсан асуудал юм.

-Тэгвэл гадаад валютын нөөцөөө нэмэгдүүлэх талаар бодлогын ямар хэмжээ явуулах ёстой юм бэ?

-Манай улсад гадаад валютын нөөцийн дарамт бий. Гадаад валют Монгол Улсад орж ирэх хоёр, гурван суваг байгаа. Худалдааны тал дээр мэдээж экспорт. Экспортоо аль болох нэмэгдүүлж байж гадаад валютын орлогоо өсгөх нь тодорхой. Нөгөө талд нь экспортын орлогыг бууруулдаг худалдаа нь импорт. Иймд импортыг аль болох хумих ёстой. Тэгэхээр гадаад худалдааны бодлого зөв явах учиртай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол валют орж ирэх нэг суваг нь. Энэ цаг үед Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх нь төвөгтэй байна. Яагаад гэвэл цар тахал, геополитикийн хурцадмал байдалтай холбоотойгоор улс орнуудын хооронд хөрөнгийн урсгал чөлөөтэй хийгдэж чадахгүй байгаа. Иймд гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх боломж нөөц маш бага юм. Гэхдээ уул уурхай болон эдийн засгийн бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлага бий. Гадаад валютын урсгал банк санхүүгийн салбараар дамжиж тодорхой хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх маягаар орж ирнэ. Эдгээр салбарт ирэх онд маш сайн анхаарч ажиллах ёстой. Иймд зөвхөн Төв банк гэлтгүй төрийн бусад байгууллагууд хамтарч нэг баг болж бодлогоо нийцүүлэн ажиллах шаардлага байгаа юм.

-Ипотекийн зээлийн хөтөлбөрөөс Монголбанк гарах учиртай. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ипотекийн зээл бол иргэдийн ая тухтай орчинд амьдруулах нөхцөл бололцоог хангах нийгмийн бодлого. Ийм учраас Засгийн газар хариуцан ажилладаг. Монголбанк 2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцож ирсэн. Уг хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, 2020 онд Засгийн газарт шилжүүлэхээр ярилцсан. Гэвч манай улсыг төдийгүй, дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн шүү дээ. Тэгээд ковидын эсрэг хууль батлагдсан. Энэ хүрээнд Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрт оролцож байгаа. Уг хууль ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Ийм учраас Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарч Засгийн газарт шилжүүлэх шаардлагатай юм. Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр 2013 оноос хойш тогтвортой ажилладаг, тогтолцоо системтэй болсон. Тэгэхээр Засгийн газрын дэргэдэх төрийн байгууллага, төрийн оролцоотой аж ахуйн нэгж цаашид үргэлжлүүлэн авч явах нь зөв гэдэг үүднээс Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарах санал тавиад байгаа юм.

-Төсөв, Мөнгөний бодлого нийцтэй байх ёстой гэдэг. Иймд ирэх жилийн төсвийн талаар Төв банкны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай улсын Хэрэглээний сагсыг аваад үзэхэд тавиас дээш хувь нь импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ байна. Эндээс өрхөд цалин, тэтгэвэр, тэтгэмж зэргээр очдог мөнгөний тавиас илүү хувь нь импорт болдог гэдэг нь харагдана. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг аваад үзье. Жишээлбэл төмөр зам тавья гэвэл рейс, барилга барихад арматур төмөр зэргийг импортоор авна шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтад хэдий хэмжээний мөнгө зарцуулна түүний 60-70 хувь нь импорт болно гэсэн үг. Өнөөдөр гадаад валютын нөөц бага, урсгал тэнцэл алдагдалтай байгаа энэ цаг үед тэвчиж болох зардал дээр анхаарах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Төв банкны мөнгөний бодлого нэлээд хатуурч байна. Ийм учраас төсөв ч бас хатуу, цомхон аль болох алдагдалгүй байвал сайн гэж харж байгаа. Энэ хоёр том бодлогын нэг нь хатуу, нөгөө нь сул байх юм бол аль ч талдаа үр дүн гарахгүй.

-Арилжааны банкууд IPO гаргаж олон нийтэд нээлттэй болох учиртай. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Төрийн банк саяхан IPO гаргаад байна. Монголбанкнаас Голомт, Хаан банк IPO гаргах зөвшөөрөл авсан. Одоо Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл өгвөл энэ онд олон нийтэд нээлттэй хувьцаагаа арилжаалах бүрэн боломжтой болсон. Дараа нь Худалдаа хөгжлийн банк, Хас банк хоёр бас IPO гаргана. Энэ хоёр банк одоогоор олон нийтэд хувьцаагаа арилжаалах хүсэлт албан ёсоор хараахан тавиагүй байна. Төв банкны зүгээс арилжааны банкууд нэгэн зэрэг олон нийтэд нээлттэй хувьцаа арилжаалах биш дэс дараатай явах нь зөв гэсэн зарчмын Б.ЛХАГВАСҮРЭН: ГАДААДЫН БАНК МОНГОЛД ОРЖ ИРВЭЛ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАД БЭЛЭН байр суурьтай байгаа. Учир нь манай улсын хөрөнгийн бирж жижгэвтэр, хөрөнгийн зах зээлийн багтаамж нь бага шүү дээ. Тэгэхээр ирэх онд Худалдаа хөгжлийн банк, Хас банк IPO гаргана гэж ойлгож болно. Банкны тухай хуульд 2021 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр системийн хэмжээний таван том банк олон нийтэд нээлттэй хувьцаагаа арилжаалах ёстой. Энэ хуульд банкны нэг хувьцаа эзэмшигчийн дээд хязгаар нь 20 хувь байх ёстой гэж заасан. Хуулийн уг зохицуулалт Төрийн банканд үйлчлэхгүй байж болох талтай. Яагаад гэвэл төрийн өмчтэй банк. Ийм учраас Засгийн газар олон нийтэд нээлттэй арилжсан таван хувь дээрээ нэмж хувьцаа гаргах эсэхээ шийдэх байх гэж харж байгаа. Үлдсэн Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Хас банкны хувьд нэг хувьцаа эзэмшигч нь 20 хувиас хэтрэхгүй байх хуулийн зохицуулалт үйлчилнэ. Ингээд 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд олон нийтэд нээлттэй хувьцаагаа арилжаалах учиртай. Энэ хүрээнд 20 хувиас дээш хувьцаа эзэмшигчид өөрийнхөө тодорхой хувиас олон нийтэд зайлшгүй арилжаалах үүрэг хүлээсэн юм.

-Сүүлийн үед “Гадаадын банк оруулж ирэх ёстой. Зээлийн хүү буурна” гэсэн байр суурь нэлээд гарч байна. Ийм боломж манай улсад бий юу?

-Монгол Улсад гадаадын банк салбараа нээхэд хорио саад хийсэн зүйл байхгүй. Нээлттэй. Ялангуяа өнөөгийн хууль эрх зүйн орчны хүрээнд авч үзвэл тухайн банк нь төрийн өмчит биш л бол Монголд чөлөөтэй орж ирээд төлөөлөгчийн газар, салбараа нээж болно. Бие даасан банк байгуулаад явж болно. Харин өнөөг хүртэл Монголбанканд хандаж гадаадын нэг ч банк, санхүүгийн байгууллага салбар нээх хүсэлт гаргаагүй байна. Бидний зүгээс гадаад улсуудын Төв банк, Банкны холбооны төлөөлөлтэй уулзахдаа “Танай арилжааны банк Монголд орж ирвэл дэмжиж ажиллахад бэлэн” гэдгээ хэлдэг. Хамгийн сүүлд БНСУ-ын Төв банк, Солонгосын банкны холбооны төлөөлөлтэй уулзахдаа “Монгол Улсад Солонгосын аль нэг банкны салбарыг нээхэд чөлөөтэй байгаа” гэдэг хүсэлт тавьсан. БНСУ-ын арилжааны банкууд Зүүн Өмнөд Ази, ялангуяа Монгол Улстай ойролцоо хөгжилтэй улсуудад салбаруудаа нээсэн байна лээ. Тэгэхээр Монгол Улсад танай арилжааны банкууд салбарууд нээхэд Монголбанк дэмжин ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment