УИХ-ын чуулганаар “Эрдэнэт" үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцуулав.
Тэрбээр "2020 оны зургадугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хууль зөрчиж авсан Эрдэнэтийн баялгийг буцаан авч "Эрдэнэт" үйлдвэр нь 34 хувьтай Эрдэнэт хот 33 хувьтай, Эрдэнэтийн иргэд 33 хувь эзэмших компани байгуулах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах санал хүргүүлсэн. Харамсалтай нь Засгийн газрын түвшинд ажил хэрэг болоогүй. "Эрдэнэт" үйлдвэр дараа ашиглахаар овоолсон зэсийн хүдрийг хаягдал мэтээр тайлбарлаж хууль журам байхгүй сонгон шалгаруулалт байхгүй. Зөвхөн албан тушаалтны үзэмжээр олгодог явдал хавтгайрсан учраас энэ асуудлаар эрхзүйн зохицуулалт хийх нэн шаардлага тулгарсан.
Тиймээс "Эрдэнэт" үйлдвэрийн технологид нь тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан. Тус үйлдвэр нь хүдрийн овоолгыг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагч Орхон аймгийн шалгуур хангасан иргэдийн хамтын сан гэсэн хувьцаа эзэмшигчтэй байх бөгөөд компанийн сайн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хаалттай хувьцаат компанийн хэлбэрийг сонгосон.
Мэргэжлийн хүмүүстэй нь ярилцаад нээлттэй хувьцаат компани байгуулах юм бол хувьцаагаа заавал биржээр дамжуулж олон нийтэд арилжаалах үүрэг хүлээдэг учраас зөвхөн тодорхой шалгуур хангасан этгээдэд хувьцаагаа эзэмшүүлнэ. Тиймээс нээлттэй компани болох боломжгүй. Хоёрдугаарт зэсийн хүдрийн овоолго дээр босох үйлдвэрийг барихад шаардагдах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж чадах хөрөнгө оруулагч компанийн хувьцааны 33 хүртэлх хувийг тодорхой хугацаагаар эзэмшинэ.
Ингэхдээ үйлдвэр ашиглалтад орсноос хойш 7-оос илүүгүй жилийн дотор эзэмшиж байгаа 33 хувьцааг компанид шилжүүлнэ.
7 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж дээр нь нэмээд ашиг олох боломжтой. “Эрдэнэт үйлдвэр” үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах эрхийг хаалттай хувьцаат компанид шилжүүлэх учраас энэ овоолгыг барьцаалж санхүүгийн эх үүсвэрийг олох боломжтой. Мөн хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах учраас ААН-ийн дунд өрсөлдөөн үүсэж магадгүй 7 жилийн хугацаа багасаж магадгүй. Хөрөнгө оруулагч 7 жилийн дараа компанид эргүүлэн өгсөн 33 хувийн хувьцааг давуу эрхийн хувьцаагаар сольж Орхон аймгийн орон нутгийн өмчит шилжүүлнэ. Орон нутаг тэрхүү хувьцаа эзэмшсэнээр ногдол ашиг авч, санхүүгийн нэмэгдэл эх үүсвэртэй болно. Энэ мөнгийг аймгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд ашиглахаар зохицуулсан.
Ногдол ашгийг иргэдэд өгөөжтэй хэлбэрээр буюу иргэдийн хамтын саналыг компанийн удирдлагын шийдвэрт тусгах зорилгоор иргэн бүр хувьцаа эзэмшигч байх биш харин хамтарсан сангийн хэлбэртэй төрийн бус байгууллагаар дамжуулж хувьцаа эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Ингэхдээ Орхон аймагт сүүлийн 5 жил оршин суусан тус аймагт төрөөд 5 нас хүрсэн иргэдэд хувьцаа өгнө. Хувьцааны сургаар бусад аймгуудаас шилжилт хөдөлгөөн хийхээс хамгаална. Иргэд ногдол ашгийг бэлэн мөнгөөр хуваарилахгүй. Иргэд зөвхөн дараах төлбөрүүдэд ногдол ашигаа шилжүүлж болно.Үүнд:
- Иргэд орон сууцны зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөх,
- Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт,
- Эмчилгээний зардал,
- Даатгалын хураамж төлөх зэрэгт ногдол ашигаа шилжүүлэх боломжтой.
Ногдол ашгийн үлдэгдэл мөнгө үүсэх юм бол энэ мөнгийг өсгөх зорилгоор эрсдэлээс хамгаалагдсан хөрөнгө орууулалтын санд төвлөрүүлж болохоор тусгасан. Энэ тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө хүдрийн овоолгын ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийг энэ тогтоол батлагдсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд энэхүү УИХ-ын тогтоолд нийцүүлэн өөрчлөлт хийхээр тусгалаа.