Сүрьеэ өвчний тохиолдол энэ оны эхний зургаан сарын байдлаар,
- Баянзүрх 162
- Сонгинохайрхан 149
- Хан-Уул 105
- Чингэлтэй 101
- Баянгол 80
- Сүхбаатар 44
- Налайх 16
- Багануур 4
- Багахангай дүүрэгт 4 тус тус илэрсэн байна.
“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт өчигдөр болсон дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр мэргэжилтнүүд дараах байр суурийг илэрхийллээ.
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг "Манай улсад жилд 4,000 орчим хүн сүрьеэгээр өвдөж, 200 гаруй нас баралт бүртгэгддэг гэсэн тоо бий. Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жилд сүрьеэгийн илрүүлэг буурсан. Улмаар бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо харьцангуй бага байна. Тухайлбал, 2021 оны байдлаар 2,700 орчим болж буурсан үзүүлэлттэй байгаа" гэв.
Глобал сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн ажлын албаны зохицуулагч Б.Оюундарь "Глобал сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш Монгол Улсад тогтвортой хэрэгжиж байна. Эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх гурван багц арга хэмжээний хүрээнд 50 гаруй сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжаар олгосон. Төслийн санхүүжилт нь гурван жилийн хугацаатай хэрэгждэг.
Одоогийн хэрэгжиж байгаа төсөл маань 2021-2023 он буюу дараа жилийн арванхоёрдугаар сар хүртэл хэрэгжиж дуусна. Энэхүү төслийг хөгжингүй орны Засгийн газрууд хөрөнгө босгож, нэн шаардлагатай дунд болон дундаас доош орлоготой өвчлөл их бүртгэгддэг улс оронд хуваарилдаг. Энэ үйл ажиллагаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ивээл дор зохион байгуулагдаж буй юм.
Сүрьеэгийн өвчлөл нь Монголд тулгамдаж буй асуудлын нэг болж байна. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын төсөвт энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийх нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч нэмэлт санхүүжилт шаардлагатай байдаг. Энэ завсрыг Глобал сан дүүргэж ирсэн. Глобал сангийн төсөл хөтөлбөр нь бусад олон улсын байгууллага шиг хөнгөлөлттэй зээл биш. Засгийн газар руу нь шилжүүлж өгч байгаа буцалтгүй тусламж гэсэн үг" гэлээ.