8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛ УЛС АНХНЫ ЦАХИМ СУРГУУЛИА НЭЭЛЭЭ

2022-09-30 11:03:59

“Medle” нь орон даяар онлайнаар сургалт зохион байгуулах Монголын анхны цахим сургууль юм. Цахим сургуульд 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцана. “Medle” цахим сургууль 620 бүлэгтэй бөгөөд 16 судлагдахууныг 155 багш заах юм. ЕБС-ийн ахлах ангийн сонгон судлах хичээлийг хэрэгцээ, сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад цахим сургалтаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор “Medle” цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байна.

Цахим сургуулийн багш, сурагчид нь Монгол орны өнцөг булан бүрээс, тодруулбал ажиллаж, суралцаж буй сургуулийн танхимаас болон гэрээсээ хичээл, сургалтад хамрагдана.

“Medle” цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хүрээнд:

-Танхимын сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын дэлгэрэнгүй төлөвлөлтөд шилжүүллээ. Төлөвлөлтөд шилжүүлэх баг нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, зөвлөх багш, боловсролын мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, ЕБС-ийн мэргэшсэн багш нараас бүрдсэн 27 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

-Цахим сургалт зохион байгуулах багш бэлтгэх сургалтыг 3 модулиар зохион байгууллаа. Энэ хүрээнд багшийн цахим ур чадварт дэмжлэг үзүүлэх, сонгон судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтуудыг явуулж, 1200 багшийг хамруулснаас 228 нь цахим сургуульд багшлах шалгуурыг хангаад байна.

-Улсын хэмжээний бүх ЕБС-ийн 10 дугаар ангид суралцагчдыг хамруулсан сонгон судлах хөтөлбөрийн 16 хичээлийн сонголтыг цахимаар зохион байгууллаа. Сонголтын дараа бүлэг үүсээгүй болон бусад шалтгаанаар сонгосон хичээлээ судлах боломжгүй байгаа сурагчдын тоог гаргаж, бүлэгт хуваарилж, цахимаар судлах бэлтгэлийг хангав.

Цаашид 10-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд “Монгол хэл, соёлын хөтөлбөр”-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн авах боломжоор хангана.

Цахим сургуулийн сурагчид нь орон зайнаас үл хамааран Монгол Улсын хамгийн чадварлаг багш нараас суралцаж, өөрийн авьяас, давуу тал, чадвараа хөгжүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох, сонгон судлах хөтөлбөрийг бүрэн дүүрэн эзэмших юм. Харин багш нарын хувьд ажлын байрандаа хөгжиж, мэдлэг, ур чадвараа орон даяар түгээх давуу талтай ажиллана.

“Medle” цахим сургууль нээгдснээр Монгол Улс боловсролын салбарын цахим шилжилт дахин нэг алхам урагшилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment