8o
Улаанбаатар хот
mobile menu

Балетчин Р.Булганыг Хангарди одонгоор шагнав

2022-06-17 10:20:59


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Р.Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа.

Хотын дарга шагнал гардуулах үеэрээ “Монголын сонгодог урлагт, тэр дундаа балетын урлагийн хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэл, авьяас билгээ зориулан ажиллаж, улс орныхоо нэрийг олон улсад алдаршуулж байгаад талархаж байна. Цаашид ч гялалзсан их амжилтыг үзүүлэн, улс, нийслэлийнхээ нэрийг дэлхийд гаргаж яваарай” хэмээсэн юм.

зураг

Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн театрын балетын гоцлооч Р.Булган “Гадаадад Монголынхоо нэрийг гаргахын төлөө хичээсэн зүтгэлийг минь үнэлж, энэ шагналыг олгосонд талархаж байна.

Би балетын урлагаар зургаан настайгаасаа хойш хичээллэсэн. Ээж минь л намайг анх энэ салбарт хөтлөн оруулсан юм. Тэр цагаас хойш тасралтгүй хичээллэсээр балетад дурласан.

Миний хувьд 2018 онд Мариус Петипагийн 200 жилийн ойн нэрэмжит гала фестивальд оролцож, анх удаа сургуулиа болон Монгол Улсаа төлөөлөн Большой театрын тайзнаа гарч байсан юм. Олон тоглолтоос тэр л сэтгэлд тод үлдсэн. Гэхдээ Монголын тайз хамгийн сайхан нь. Яагаад ч юм сэтгэлд их дулаан мэдрэмж төрүүлдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

зураг

Р.Булган 2018 онд ОХУ-ын Пермь хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж байжээ. Түүний уг амжилт нь Монгол Улсын балетын түүхэнд сургуулийн сурагч байхдаа мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг уралдаанаас мөнгөн медаль хүртсэн анхны тохиолдол юм.

Тэрбээр балетын урлагт хүсэл сонирхолтой дүү нартаа хандан “Хийж буй зүйлсдээ зүрх сэтгэлээсээ хандаарай. Уйгагүй байж, балет гэдэг мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй” хэмээн захисан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment