Өнгөрсөн пүрэв гарагт Цэргийн 032 дугаар ангийн дэргэд байрлах “The salvation army” хүмүүнлэгийн байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол цоорхойтой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийжээ. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс зүрхний ховдол цоорхойтой, яаралтай хагалгаанд орох шаардлагатай ч эцэг эх нь санхүүгийн боломж тааруу зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулах аж.
“The salvation army” ТББ- ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь жил бүр зүрхний ховдол цоорхой гэх оноштой, зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдээс тодорхой тооны хүүхдийг сонгон хагалгаанд явуулдаг байна. Энэхүү үйл ажиллагаа 2008 оноос эхэлжээ. Өнөөдрийг хүртэл нийт 61 хүүхэд эмчлуүлээд ирсэн аж.
Хүүхдүүдийн мэс заслыг БНСУ-ын Ансан хотын “Данвон” эмнэлэгт хийдэг аж. Тус эмнэлгийн дарга Ким Бен Ёл “Өмнө жил эмчилгээнд яваад ирсэн хүүхдүүдээ харахад үнэхээр баяртай байна. Тэд үнэхээр сэргэлэн цовоо харагдахаас гадна их том болжээ. Энэ үйл ажиллагааны хувьд ганц хүүхэд бус тухайн гэр бүл, цаашлаад Монгол Улсад үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийг хүртэл хамтран ажилласан бүх байгууллагадаа баярлалаа. Манай эмнэлэг цаашдаа ч энэ үйл ажиллагаанд оролцоно” гэлээ.