8o
Улаанбаатар хот
mobile menu

А24: Монголын дэд бүтцийн асуудал Хятад руу нүүрс экспортлоход бэрхшээл үүсгэж байна

2022-01-26 11:30:00

Дэлхий нийтийг хамарсан цар тахал Хятад улсаас анх дэгдсэн үетэй зэрэгцэн тус улсад тулгарсан бас нэгэн томоохон бэрхшээл бол нүүрсний нийлүүлэлтийн хомсдол. Энэ нь тус улсын эдийн засгийн чадавх, дотоодын нүүрсний уурхайнуудаа бүрэн хүчин чадлаар ажлуулж чадах эсэхийг  сорьсон үзэгдэл болж байна. 

2020 оны аравдугаар сард Хятадын төрийн өмчит компаниуд Австралийн нүүрсний импортыг зогсоох шийдвэр гаргасан нь Австрали улс Хятадын талаар илүү шүүмжлэлтэй хандсаны хариу арга хэмжээ гэж олон нийт үзэж байлаа. Австралийн нүүрсний хязгаарлалт нь бүс нутгийн бусад талууд, ялангуяа Зүүн Ази, Зүүн хойд Азийн орнуудад Хятадын нүүрсний дутагдлыг нөхөх шинэ боломжийг бий болгож байгаа нь ойлгомжтой. 

Хятад улс нүүрсний хомсдлоо нөхөхийн тулд Орос, Монгол болон бусад гуравдагч талуудыг татан оролцуулах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн. Гэсэн хэдий ч Хятадын баруун хойд хэсгийн нүүрсний томоохон ханган нийлүүлэгч Монгол улс нүүрс экспортын дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдэж чадахгүй байсаар болж сүүлийн 2 жил  дараалан 50 хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Нүүрснээс ихээхэн хамааралтай Хятад улс дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч бөгөөд 2020 онд дэлхийн нийт нүүрснээс үйлдвэрлэсэн эрчим хүчний 53 гаруй хувийг үйлдвэрлэж байна гэж Climate Group Amber мэдэгдэв.

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал:
- Хятад улсад болж байгаа үзэгдлийн эрчим хүчний хомсдлыг хямрал гэж би хэлэхгүй. Энэ бол Ковидтой холбоотой, улс хоорондын худалдааны янз бүрийн хямралтай холбоотой түр зуурын нүүрсний ханган нийлүүлэлтийн доголдол, логистикийн асуудлаас үүдэлтэй. Эдгээр асуудлуудаас үүдээд зарим цахилгаан станцууд нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй доголдол үүсэх байдал хятадын бүс нутгийн зарим газруудад харагдаж байгаа. Дэлхий нийтээрээ 1 тэр бум орчим коксжих нүүрс ашиглаж байхад Хятад улс үүнээс нийт 500 сая тонн буюу талыг нь ашигладаг. Хятад улсын энэ нүүрснийхээ 10 гаруй хувь буюу 70 гаруй сая тонныг гадаадын улс орнуудаас авдаг. Энэ 70 гаруй сая тонн нүүрсний 3/1 орчмыг Монгол улс нийлүүлдэг. Хамгийн ихдээ бид энэ тооны 50 хувийг нь нийлүүлж байсан. Тэгэхээр Монгол бол том ханган нийлүүлэгч мөн. Хоёрдугаарт Хятад улс 400 гаруй сая тонныг өөрөө олборлоод үлдсэнийг нь гадаадаас авдаг. Өөрсдөө маш их потенциалтай улс, хэрэв гадаадын нүүрсний экспорт ямар нэгэн байдлаар зогсоход хүрвэл тэд биеэ даагаад асуудлаа шийдэж чадна. Гэхдээ хятадын дотоодын нүүрсний чанарын болон үнийн хувьд асуудлууд байдаг. Хэт их хомсдол үүсгэж мөн үнийг өсгөхгүйн тулд нөгөө талаас импортоос хэт хамааруулахгүйн тулд заавал гадаад худалдааг байлгах ёстой гэсэн бодлого барьдаг. 


 УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа:

- Монгол улсын засгийн газар болон Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн яамны зүгээс нүүрс экспорттой холбоотойгоор хүний оролцоо, хүн хороондын хавьтлыг багасгах үүднээс чингэлэгт тээврийн терминалыг барьж байгуулсан. Шивээ хүрэнгийн боомт дээр ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай явж байна. Гашуун сухайт боомт дээр 30 га талбайд чингэлэгт терминалыг барьж бүрэн дуусгасан. Үүнийг Энержи ресус, Эрдэнэс таван толгой, орон нутгийн таван толгойн хөрөнгөөр барьж байгуулж, “Боомтын бүрэн эрхт захиргааны байгууллага”-д хүлээлгэж өгсөн байгаа. Энэ нь цар тахлын нөхцөлд байдалд тохирсон хүний оролцоо бага зөвхөн техникээр чингэлгийг өргөж авдаг. Нэг жолооч, нэг машинаар өдөрт 2-3 удаа тээвэрлэлт хийх хүчин чадалтайгаар байгуулсан. Бид Хятадын талтай 100 машинаар өдөрт 3 удаа тээвэрлэлт хийх боломжийн талаар ярилцаж байна. 

Эх сурвалж: А24 мэдээллийн агентлаг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл