8o
Улаанбаатар хот
mobile menu

А24: ​Монголын анхны нүүдэлчин улсын археологийн үзэсгэлэн

2021-12-28 14:19:38

Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс язгууртны булш, оршуулга бүхий Ноён уулын дурсгал нь Хүннү судлалд томоохон байр суурь эзэлдэг. Анх 1924-1925 онд Оросын судлаач П.К.Козловын удирдсан “Монгол-Түвдийн шинжилгээний анги” Ноён уулын дурсгалт газарт анх археологийн малтлага судалгаа хийснээр Хүннүгийн соёлын биет өвийг нээж олсон бөгөөд уг үйл явдлыг XX зууны их нээлтийн нэг хэмээн үздэг. 

ШУА-ийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-этнографийн хүрээлэнтэй хамтарч 2006-2015 оны хооронд Ноён уулын дурсгалт газарт Хүннүгийн язгууртны 4 булш, дагуул 4 булшинд малтлага судалгаа хийж 1300 гаруй биет олдвор хэрэглэгдэхүүн илрүүлсэн. Энэ судалгааны үр дүнд өмнө нь бүтэн байдлаар илэрч байгаагүй нэхмэл эдлэл, Ромын эзэнт гүрнээс гаралтай мөнгөн хөөмөл чимэг, домгийн ганц эвэрт амьтдын дүрс бүхий адууны мөнгөн тоног зэрэг ховор олдворууд илэрсэн. 

Үүнийг Хүннү судлалд шинэ эх хэрэглэгдэхүүн бий боллоо хэмээн “шинэ нээлт” гэж нэрлэсэн байна. Судлаачид 2016 оноос хойш олдворуудыг сэргээн засварлаж, дуусаад энэ жил олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж байгаа нь энэ юм. Ийнхүү Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг 2022 оны 3 сар хүртэл олон нийтэд дэглэн үзүүлэх ажээ.

Г.Эрэгзэн: Монголын Археологийн хүрээлэнгийн захирал

“Ноён уулын дурсгал бол хүннүгийн дурсгал дотроосоо нэлээд алдартай байдаг. Юугаараа энэ Ноён уулын дурсгал алдартай байдаг гэвэл ер нь хүннүчүүдийн соёлын биет өвүүд үнэхээр байсан юм гэдийг анх тодруулж, нээж өгсөнд учир нь байдаг. Энэ дурсгал дээр 1924 онд анх судалгааны ажил хийгдсэн байдаг. Түүнээс хойш хэд хэдэн судалгаа хийгдсэн. Хамгийн сүүлд энэ дурсгалт газарт 2006 -2015 оны хооронд Монгол Оросын хамтарсан шинжилгээний анги судалгаа хийсэн. Энэ шинжилгээг Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн  археологи, энтнографийн хүрээлэн хамтран хийж, хэрэгжүүлсэн судалгааны төсөл байгаа.” 


Н.Цэнгүүн: Археологийн хүрээлэнгийн археологич
“Өнөөдөр дэлгэн үзүүлсэн олдворууд нь Ноён уулын Хүннүгийн язгууртны 20, 22, 31 , 11 гэсэн дугаартай булшнуудаас гарсан олдворуудаас сонгож 400 гаруйг  нь дэглэсэн байна. Тэр дундаа адуу малын тоног хэрэгсэл, гоёл чимэглэл, эртний хатгамал хивсний үлдэгдэл, язгууртны хувцас эд зүйлүүд, авсны чимэглэл байна. Мөн аж ахуйтай холбоотой хэрэгсэл, ваар, сав зэргийг түүвэрлэж гаргасан. Соёлын яам болон, Археологийн хүрээлэн хамтран 11 сарын 30 -аас 3 дугаар сарын 1 хооронд Монголын үндэсний музейн танхимд энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм. 
Г.Эрэгзэн:  Монголын Археологийн хүрээлэнгийн захирал

“Хүннүгийн дурсгалын судалгаан дээр Монголын археологийн байр суурь дэлхийд хамгийн өндөрт байдаг. Монголд хамгийн гол дурсгалын малтлага судалгаанууд хийгдэж байна. Тэр дундаа язгууртны дурсгалын судалгаа сүүлийн жилүүдэд зөвхөн Монгол улсад хийгдэж байгаа. Мөн дээр нь хот суурин газруудын судалгаанууд, үйлдвэрлэлийн түүхийн дурсгалт газруудад хийгдсэн судалгаа гэх мэт. Монголд хийгдэж байгаа судалгаа бол дэлхийд хийгдэж байгаа бусад судалгаатай харьцуулахад илүү өргөн хүрээнд, өндөр түвшинд хийгдэж байгаагаараа онцлог. Тэгэхээр Евразийн хүннү судлаачдын дунд Монголд хийгдэж байгаа судалгаанууд анхаарлын төвд байсаар ирсэн. Тийм учраас манай оронд хийгдэж байгаа судалгаанууд эргээд Монголын археологийг дэлхийд гаргах нэгэн алхам болж байгаагаараа их ач холбогдолтой юм.

Эх сурвалж. 

A24 News Agency Mongolia

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment