Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2021 оны эхний гурван улирлын байдлаарх үйл ажиллагааны танилцуулгаа Нийслэлийн Засаг даргын Зөвлөлд танилцууллаа. Тус газрын дарга Ж.Дамдинцэрэн “Нийслэлийн Соёл, урлагийн газар нь Нийслэлийн Номын сан, Соёлын төв өргөө, Улаанбаатар театр, Хотын номын сан гэхчлэн 11 харьяа байгууллагатай. Үйл ажиллагаа маань соёл болон урлагийн гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд байдаг түүх, соёлын дурсгалуудыг манай байгууллага хариуцан ажилладаг. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт түүх, соёлын газрын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, эдийн засгийн эргэлтэд оруулахаар заасан байдаг. Энэ хүрээнд Археологийн хүрээлэнтэй хамтран Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааг хийсэн. Энэ ажил ирэх онд мөн үргэлжилнэ. Судлаад өнгөрөх бус, ил музей буюу эко музейг байгуулахаар зорьж байгаа” хэмээн өгүүллээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас нийслэлийн хэмжээнд яаралтай сэргээн засварлах түүх, соёлын дурсгалуудын жагсаалтыг гаргасан байна. Улаанбаатар хотын музейн ажилчид хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаагаас эхлээд анхааралдаа авч шийдэх асуудал цөөнгүй байдгийг мөн тодотгосон. Улсын болон нийслэлийн хамгаалалтад авах дурсгалуудын жагсаалтыг гаргаж, соёлын өвийг авран хамгаалахад зориулж тодорхой төсөв гаргах саналыг хэлж байлаа. Түүх, соёлын өвийг эзэнтэй болгох, сэргээн засахаар хувийн хэвшлийн байгууллагуудтай ярилцаж буй аж.