8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛЫН ПАРАЛИМПИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2015-10-08 11:45:00

Монголын Паралимпийн хорооны цом-2015 насанд хүрэгчдийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 7-8-ны өдрүүдэд  боллоо.

Улаанбаатар хот болон орон нутгийн  200 гаруй баг тамирчдыг хамарсан энэхүү тэмцээн Пара жудо бөх, Пара хөнгөн атлетик, хонхтой бөмбөг, суугаа гар бөмбөг гэсэн дөрвөн төрлөөр амжилттай  зохион байгуулагдлаа.
Тамирчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн  А зааланд болсон юм.

Энэхүү арга хэмжээнд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар, Монголын паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү, ЭМС Я-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, ЭМСЯ-ны харьяа  БТСХТ-ийн Биеийн тамир, спортын хөгжлийн хэлтсийн дарга Ж.Тунгалаг, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, Гавьяат тамирчин Ц.Баярсайхан Монголын паралимпийн хорооны дэд  ерөнхийлөгч, спортын мастер Д.Сүрэнхорлоо, Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зуны паралимпийн аварга Д.Баатаржав  болон бусад албаны хүмүүс албаныхан нийт  баг тамирчдад амжилт хүсч шагнал гардууллаа.


Мөн үеэр  буудлагын төрөлд олимпийн эрхээ хамгийн түрүүн авсан Монголын пара буудлагын шигшээ багийн тамирчин  З.Ганбаатар  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монголын пара жудо бөхийн тамирчин Н.Алтанцэцэгт Алтангадас одонгоор энгэрээ мялаасан юм.   

Нэмж мэдээлэхэд 2016 онд болох Риогийн паралимпид  одоогийн байдлаар буудлагын төрөлд  З.Ганбаатар, пауэрлифтингийн төрөлд Э.Содномпэлжээ, хөнгөн атлетикийн төрөлд Г.Цогтгэрэл, байт харвааны төрөлд Д.Баатаржав нар тус тус оролцох эрхээ аваад байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл