Үндэсний стратегийн тухай
Дэлхийн эрүүл мэндийн байгуулага (ДЭМБ)-аас 2010 онд хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчинг 18 хувиар бууруулж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг бууруулах боломжтойг тогтоож 2025 он гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлээр бодлого стратеги болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын Засгийн газарт зөвлөсөн. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т хүн амын давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги боловсруулах, батлан хэрэгжүүлэх талаар тусгасан.
Монгол хүн хоногт 11.1 грамм (баруун бүсийн аймгуудад 15.6 грамм) хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа хоногт 5 грамм хэрэглэх хэмжээнээс даруй 2 дахин өндөр байна. Давсны хэрэглээ хүн амын мэдлэг, хандлага, дадлаас шууд хамааралтай байна. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь олон улсынхаар “давс ихтэй” ангилалд байна.
Ийм учраас хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилгоор үндэсний стратеги боловсруулан танилцуулж байна. Стратегийг боловсруулах ажлын хэсгийг салбар дундын оролцоотойгоор нийт 10 байгууллагын 12 гишүүнтэй байгуулан хамтран боловсруулж, салбар дундын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 2 удаа хэлэлцүүлэн саналыг нь тусгалаа.
Стратегийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны хүрээнд давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгох, давсыг зохистой хэрэглэх ёс заншлыг хүн амд эзэмшүүлэхийг дэмжих мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэхээр оруулав.
Стратегийг хэрэгжүүлснээр давсны хэт хэрэглээтэй холбоотой үүсэх өвчлөлийн түвшин цаашид буурах эерэг нөлөө үзүүлэх төдийгүй урьдчилсан судалгаагаар эдийн засагт ч мөн эерэг нөлөөлөл үзүүлэх дүн гарсан. Тухайлбал, 2012-2013 онд хийгдсэн хүн амын дундах давсны хэрэглээг бууруулах төсөлт ажлын хүрээнд давсны хэрэглээ төсөл хэрэгжүүлэхээс өмнөх үеийнхээс 1.9 граммаар буурч тэдний дундах даралт ихсэх өвчний шинж тэмдэг буурч байгаа эерэг хандлага ажиглагдсан байна. Түүнчлэн 25-64 насны 1 сая 420 мянган хүн ам жилд 4.7 тонноор давсны хэрэглээгээ бууруулж жилдээ 992 сая төгрөгийг зөвхөн давсны хэрэглээнээсээ хэмнэх урьдчилсан тооцоо гарч байгаа юм. Мөн “Талх чихэр ХХК”-д 2012-2014 онуудад бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээг 12 хувиар бууруулах туршилт хийснээр 1.5 жилийн хугацаанд 22 тонн давс буюу дотоодын зах зээлд борлуулагдаж байгаа кг давсны үнэлгээгээр 12 сая 780 мянган төгрөгийг хэмнэсэн эерэг дүнтэй байна.
Эрүүл мэнд, спортын яам