Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргажээ.
Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын онцлог элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлогтой аж.
Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.
Зургийг www.mongolbank.mn
Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжины хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулжээ. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус байрлуулсан байна.