“Монголын Эмэгтэйчүүдийн Хороо”-г 25 жил удирдсан, XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “УЛААН ЦЭЦЭГ” уран сайхны киног “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээхээр болжээ.
С.Удвал ахайтны домог мэт амьдралын түүхийг кино урлагт мөнхлөн үлдээх төслийн бэлтгэл ажил хангагдснаар төслийг санаачлагч МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, “Ю-фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал Г.Ундармаа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, төслийн ажил албан ёсоор эхэллээ.
Ядуу ардын өнчин охины ээдрээт хувь заяа хэрхэн эргэж, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн болсон тухай, хувийн амьдрал ахуйгүй мэт Монголын нийгмийн сайн сайхны төлөө, охид, эмэгтэйчүүд, утга зохиол, уран зохиолчдын төлөө хоёргүй сэтгэлээр “кино шиг амьдрал”-ыг туулж, зүтгэсэн тэрхүү хичээл зүтгэл тус кинонд дүрслэгдэхээс гадна гол дүрийн амьдралтай хамт тухайн үеийн ХХ зууны Монгол Улсын бодит түүх өгүүлэгдэх юм.
Киног 2022 оны эхний улиралд дэлгэцэнд гаргахаар төлөвлөж байгаа аж.