29 дэх удаагийн Үндэсний номын баяр өнөөдөр нээлтээ хийлээ. Тус арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатай болж байна.
Номын баярын нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож “Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч хүн уншихаа зогсоож болохгүй. Ном зохиолч, үйлдвэрлэгч, борлуулагч, орчуулагч зэрэг маш олон хүний хүч, хөдөлмөрөөр бүтдэг. Ном нь өв соёл, боловсрол олгохоос гадна бизнесийн салбар болон хөгжих учиртай. Номын зохиогчийн эрхийг бид маш сайн хамгаалах хэрэгтэй. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, Номын баяртаа оролцоорой” гэсэн юм.
Тэрбээр мөн ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа иргэдэд Соёлын яамны Жуух бичиг, нийслэлийн шилдэг сурагчдад “Тэргүүний уншигч Нацагдорж” тэмдгийг гардууллаа.
Номын баярт дунджаар хэвлэлийн 100 гаруй компани, номын 80 орчим худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч, сонирхогчид оролцдог байна. Номын баярт хэвлэмэл номоос гадна цахим, аудио, тоон ном зэрэг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан гаргаж байгаа бүх л төрлийн номыг дэлгэн, уншигчдад өргөн барьж байв. Номын баяр зургадугаар сарын 11-13-ны хооронд Сүхбаатарын талбайд үргэлжлэх юм.