8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр оронгүй иргэдэд үнэгүй хоол цай өгдөг буянтан

2016-04-04 09:28:00

Хүмүүн бид чинь энэ хорвоод хэзээ үхэхэээ мэдэхгүй ч мөнх амьдрах юм шиг л аашилдаг. Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо дээр нүгэл үйлдэж эдийг хураах нь элбэг. Гудамжинд нэг л удаа таарах хүнтэйгээ бид дахин хэзээ таарахаа мэдэхгүй тааварлашгүй ертөнцөд амьдарч байна. Цаг хугацаатай уралдсан, уралцсан амьдралд маргааш үүрд байх, магадгүй мөнх амьдрах мэтээр сэтгэж өнгө мөнгөний араас хөөцөлдсөн өнгө үнэргүй амьдрал хөвөрсөөр.

Их хотын гудамжийг өдөр бүр цэвэрлэж шуудай үүрч алхах халтар хувцастаны дэргэдүүр хамраа чимхэж хялайн  өнгөрдөг нь арван хүний ес нь. Гэвч тэд бол хэний ч халаас руу өнгийж гэм хийгээгүй хотыг цэвэрлэгчид.  Аливаа  хүний сэтгэл рүү нь  өнгийхөөсөө өмнө гаднаас дүгнэдэг нь хүмүүний нэгэн алдаа  ч гэмээр.  Магадгүй шуудай үүрч хоёр хөлөөрөө хорвоог туулж, хотыг тамгалж яваа эдгээр хүмүүс дотор, арьс нөмөрсөн араатан ч бий алдрын зэрэгт хүрсэн эрдэмтэн ч бий.

 Гэвч тэд яагаад чухам ийм амьдралыг сонгосон шалтгаан нь харин янз бүр.Гагцхүү тэдэнд туслаж гар сунгахаасаа илүү нийгмийн хог шаар гэж үзэн эдгээр хүмүүсээр Монгол илүүдэж байгаа мэтээр ярих хүн элбэг. Цөөхөн Монголчууд дотроосоо тэдний сэтгэл рүү өнгийж харц руу нь ширтсэн хэд бол.?  

Тэгвэл “Амьдрал сайхан” булангаараа гэр оронгүй иргэдэд халуун сэтгэлээ сунгаж тэднийг өдөр бүр тасралтгүй халуун шөл, цайгаар үнэгүй үйлчилдэг цагаан сэтгэлтэй буянтаныг энэ удаад ярилцлагынхаа хойморт урилаа. Нойрхой хувцастай халтар царайтай хүмүүст хоол хийж үйлчлэх нь битгий хэл тэдэн рүү дөхөх хүн ч цөөхөн энэ нийгэмд цагаан сүү шиг ариухан сэтгэлтэй эрхэм хүмүүнтэй ийнхүү ярилцлаа. Түүний үг бүрийн араас бусдыг хайрласан, өрөвдсөн , энхрийлсэн үг ундраастай.

- Сайхан хаваржиж байна уу?  Тө өөрийгөө танилцуулна уу?

Намайг Самдангийн Дуламсүрэн гэдэг. Би одоо 61 настай. Увс аймгийн Малчин сумын хүн лдээ. Эхээсээ долуулаа. Нутгаасаа 1973 онд наймдугаар ангиа төгсөөд л гарсан, тэрнээс хойш нутагтаа цөөхөн очиж дээ. Одоо эгч нь Улаанбаатар хотод нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна.

- Гэр бүлийнхээ хүний талаар яривал. Анх хэдэн онд танилцаж байв?

Манай нөхрийг Цээхээ гэдэг.  Бид хоёр 1984 онд танилцаад гэр бүл болсон. Одоо дөрвөн сайхан хүүхэдтэй сайхан л амьдарч байна. Нөхөр маань одоо миний ажиллаж байгаа газар харуулаар ажилладаг юм.

- Нэлээн эрт нутгаасаа гарчээ. Энд ирээд та ямар ажил хийж байв?

Ер нь би олон газар ажиллаж байгаагүй. Насаараа л оёдолчин хийсэн хүн. Оёдлын үйлдвэрт 32 жил ажилласан. Сүүлийн 20 жил нь оёдлын үйлдвэрийн нэгдэлд мастераар ажиллаж байсан.

- Та одоо гэр оронгүй иргэдийг үнэ төлбөргүй хооллодог юм байна. Анх яагаад энд ажиллах болов?

Би одоо эх хөлөгний уламжлалыг хадгалах төвийн харъяа "Бодь зул" ТББ-ын дэргэдэх  зорилтот бүлгийн хүмүүсийг үнэгүй хооллодог халуун шөлний газарт тогоочоор ажиллаж байна. Энэ газар 13 дахь жилдээ тасралтгүй ажиллаж гэр оронгүй иргэдийг хооллосоор ирсэн. Ажлын таван өдөр эдгээрт хүмүүст халуун хоол цайгаар үйлчилж байна

- Анх яагаад энд ажиллах болов?

Манай байгууллага буддын бурхан шашины үйл ажиллагаа явуулдаг лдаа. Анх манай багш Монголд дүүнчүүр маань хөгжөөхөөр ирэх үед нь би хоол хийж өгч байсан юм. Тэгээд л тэр хүн энд намайг тогоочоор ажиллахаар урьж би энд ажиллаж  эхэлсэн.

- Мэдээж нийгмийн зорилтот бүлгийн эдгээр хүмүүстэй ажиллахад хэцүү байсан байх. Эхний өдөр ажилд ороход танд ямар санагдаж байсан бэ? 

Анх орохдоо олон хүний хоол хийж чадах болов уу яанаа л гэсэн  бодол төрж байсан. Нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үйлчилнэ гэж бодож байсан лдаа. Гэхдээ арай ч ийм хүмүүс ирэхгүй байх гэж бодож байсан чинь үнэхээр хэцүү хүмүүс ирсэн. Эхний хэдэн өдөр үнэр танарт нь хоолоо хорсох, хамар ам битүүрэх гээд хэцүү байдаг юм байна лээ шдээ. Сүүлдээ тэр байдалдаа дасчихсан, хөөрхий амьтад ядарч зүдэрч явахад нь нэг өдөр ч гэсэн сайхан цадтал нь хооллоод сайхан сэтгэгдэл өвөртлөөд л гаргах юмсан л гэсэн бодол тээдэг болсон. Би эд нарыгаа хооллож ундлахдаа тээршээдэггүй. Өөрийн хүүхдүүдтэй адил ах дүү, хамаатан садан минь ирж байгаа юм шиг л хүлээж авна. Хөөрхий эд нар ч гэсэн сайхан сэтгэлтэй хоол идчихээд л  гардаг юм.

- Гэр оронгүй эдгээр хүмүүс дотор янз бүрийн л ааш араншинтай хүмүүс байдаг байх. Тантай хэрхэн харьцдаг вэ?

Эхэндээ эд нар чинь янз бүрийн ааштай, согтуу ч ирнэ. Хоорондоо хэрэлдэж уралцах асуудал гардаг л байсан. Тэгээд манайх хийдийнхээ лам нараар хоолонд орох үед нь бурхан шашины лекц ном уншуулдаг байсан. Тэрнээс болсон ч юм уу эд нар маань өөрчлөгдөж одоо согтуу ирж хоол иднэ гэж байхгүй, хоорондоо ч нэг их эвдрэлцээд элдэв зан гаргаад байхгүй яг л хүмүүс ямар л байхав тэр янзаараа.

- Нийгэмд бол эдгээр хүмүүсийг /Бөбөчид/ гээд хүлээж авах тал дээр муу шүү дээ?

Хүмүүс надад энэ улсуудыг хооллох ямар хэрэгтэй юм, эд нар бол хэрэггүй хог шаар болсон хүмүүс гэж л байдаг юм. Би бол тэрнийг хүлээж авдаггүй. Яахав дээ эд нар дотор чинь цагтаа сайхан сайхан ажил хийж явсан хүмүүс байгаа шдээ. Амьдралын эрхээр хөлөө алдахаараа яаж ч чадахгүй болоод энэ замруу орчихсон хүмүүс зөндөө байгаа. Эдгээр хүмүүс дотор их сургуулийн багш, цагдаагийн хурандаа хүн ч байна. Хотод ирээд хөлөө алдчихсан хөдөөний малчин хүн байна. Гэр оронгүй эдгээр хүмүүс дотор ямар ч хүмүүс байгааг бид нар мэдэхгүй. Цагтаа сайхан л улсууд байгаад аргагүй эрхэнд ийм зам руу орчихсон байхад нь тэгж хэлэхэд нь би жоохон дургүй л байдаг юм. Яахаараа ингэж хэлдэг юм. Хөөрхийс амьдралаа залгуулж яваа эд нар аяга хоол идээд гарахад юу нь буруу байхав гэсэн сэтгэлээр л ханддаг даа.

Эдгээр хүмүүс дотор их сургуулийн багш, цагдаагийн хурандаа хүн ч байна. Хотод ирээд хөлөө алдчихсан хөдөөний малчин ч байна.

- Хэдэн цагийн үед хоолонд оруулдаг вэ? Голдуу та ямар хоолоор үйлчилж байна?

Өдрийн 12 цаг 30 минутаас 1 цаг 30 минутын хооронд хоолондоо ордог юм. Одоогоор манайд 80 орчим хүн ирж хооллож байна. Жил ирэх тусам энэ тоо өсөж, нас нь залуужсаар байна. Гэр оронгүй эдгээр хүмүүс ихэвчлэн хөгжлийн бэрхшээлтэй, таягтай, хэл амгүй, сэтгэцийн жоохон өвчтэй, нийгэмд үнэхээр л хүнд байдалд орчихсон хүмүүс ирдэг. Эрүүл хүн гэж бараг л байхгүй дээ. Тийм болохоор хоёрдугаар хоол гэхээсээ илүү шөлтэй хоол л өгдөг юм. Гэхдээ баяр ёслолоор эд нарыгаа баясгаад хоёрдугаар хоол голцуу мантуун бууз, будаатай хуурга, пресс хийж өгдөг.

- Энд та ганцаараа ажилладаг юм байна. 80 хүний хоол бэлдэнэ гэдэг бас л амаргүй ажил. Өглөө хэдэн цагт ирдэг вэ?

Ажил гарт орчихсон болохоор нэг их түүртээд байдаггүй. Өглөө ес гэж ирээд л хоолоо бэлдэж эхэлдэг юм. Тэгээд л 80 хүнийг хэсэг, хэсгээр нь хувааж оруулаад хоолоо өгөөд дараагийн хүний аяга тавгийг угаагаад л таардаг. Заримдаа эд нар чинь цаг өнгөрчихсөн хоол дуусчихсан үед хүрээд ирдэг юм. Тэгэхээр л аль байгаа боломжоо ашиглаад жоохон хоол хийж өгөөд аль болох л цатгалан буцаахыг боддог.

- Улс орон эдийн засгийн хямралд өртөөд ер нь хэцүү байна. Хоолны материалын мөнгийг хаанаас гаргадаг вэ?

Эх хөлөгний уламжлалыг хадгалах төвөөсөө санхүүжилт авна. Голдуу  хүмүүсийн буянаар л явж байна. Ер нь 80 хүний хоолыг бэлдэнэ гэдэг бас л чанга шүү дээ. Манайх ажлын таван өдөр хооллодог. Аль болох л амрахгүй хоолтой байлгах юмсанл  гэж боддог. Амралтын хоёр өдөр амраад нэгдэхэд ирэхэд хоёр хоног хоол идсэнгүй гээд ирнэ шдээ. Тэгэхээр өрөвдөөд байдаг юм. Манайх шиг эдгээр хүмүүсийг хооллодог газар хэд хэд байгаасай л гэж боддог. Ер нь 50-60 хүнийг цадтал нь хооллочихдог 80 болоод ирэхээрээ хоол нь багадаж аяга дүүрэн байх байсан бол арай жаахан бага оногдох жишээний. Аль болох л хоосон хүнийг явуулахгүй юмсан гэсэн зорилго тавьдаг даа. Гол төлөв яг гадаа хоноглодог хүнийг би илүү хооллохыг хүсдэг лдээ. Арай гайгүй гэр оронтой хүмүүс чинь адаглаад  захаас яс аваад буцалгаад гэртээ бантан ч болтугай хийж идэх боломжтой. Орон гэргүй хүмүүс чинь хаанаа ус буцалгаж хоол хийх вэ дээ. Хөөрхий энэ тэндээс ус олж уугаад нэг газар хонодог л байлгүй дээ.

Орон гэргүй хүмүүс чинь хаанаа ус буцалгаж хоол хийх вэ дээ. Хөөрхий энэ тэндээс ус олж уугаад нэг газар хонодог л байлгүй дээ.

- Эдгээр хүмүүс тантай хэр илэн далангүй вэ? Өөрсдийнхөө талаар хэр ярьж байна?

Зарим нь намайг “Ээж ээ” гэж дууддаг юм. Одоо яах вэ дээ дуудаж л байхаас даа. /Инээв/ Нийгэм эдгээр хүмүүсийг муухай зан араншинтай,  хулгай зэлгий хийдэг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Намайг ажиллаж байх хугацаанд хулгай хийгээд, шоронд ороод, зодолдоод, архидаж байгаа юм алга. Харин чааваас гэр оронгүй гудамжаар хоноглодог болохоор хувцас хунараа сольж чаддаггүйгээс үнэр танартай болчихдог юм шиг байгаа юм. Сав лааз цуглуулаад нэлээн төгрөг олдог байлгүй дээ гэсэн шальдаггүй юм байна лээ. Хоёр том шуудай лаазыг хэдэн төгрөг болох вэ гэхэд 1300 төгрөг л болно гэж байгаа юм чинь. Эд нар чинь бас бүлэг бүлгээрээ явах юм аа. Нарантуулынхан, Баянзүрхийнхэн, Жуков, Цайз, Шар хадныхан гээд  дөрөв, таваараа ханьсаж явдаг гэнэ лээ. Тэгэхгүй бол ганц нэгээрээ явахаар бас зодуулдаг гэсэн. Нэг хүний мөнгө юу ч болохгүй нийлж мөнгөөрөө орой талх авч голоо зогоодог юм шиг байгаа. Тэгээд зарим нь даарч хонохгүйн тулд зуу татчихдаг гэдгээ хэлдэг л юм. Уг нь орцонд хоног төөрүүлдэг байсан сүүлийн үед орц, траншей олдохгүй болохоор салхи шуурга, нэвтэрдэггүй хаа таарсан газраа булан тохой бараадаад л хоночихдог гэж ярьдаг.

- “Дулмаа Лин” хийдийн дэргэд эдгээр хүмүүсийг хооллодог газар байдаг гэдийг Дүүргийнхэн мэдэх үү? Тусламж дэмжлэг үзүүлдэг үү?

Ер нь гэр оронгүй эдгээр иргэдийг хайхрах газар байдаггүй шдээ. Манайхыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-ынхан мэддэг очиж уулзанаа л гэдэг мөртлөө ирдэг хүн байдаггүй. Харин бид нарт туслаж хоол унд, хувцас хунар хандивладаг буянтай хүмүүсийн хүчээр л явж байна. Манайх чинь хамгийн гол нь хүмүүс юм авчирч өгөхөөр бичээд буян хуруулж ном уншуулдаг л даа. Гэхдээ одоо бас сайхан сэтгэлтэй хүмүүс олон болсон байна лээ. Шинэ жилээр Жавзандамба хутагт  төвийн хэсэг залуус сайн дураараа ирж, эдгээр хүмүүсийн шинэ жилийг тэмдэглэж өгсөн. Тэр үед эд нар дотроосоо урлагийн номер үзүүлсэн лдээ. Ямар сайхан авъяастай хүмүүс байдаг гээч, бид нарыг уяртал нь шүлэг уншиж дуу дуулж байсан. Тэр болгоноо гаргаад хэлэх хүн байхгүй гудамжинд шил лаазаа түүгээд л явж байдаг. Гэр оронгүй эдгээр хүмүүсийг хүн тоож харахгүй, хувцсанд хүрчихвий цаашаа, цаашаа гэх нь л холгүй байгаа юм чинь. Шинэ жилийг нь сайхан тэмдэглэж өгөхөд баярлаад уйлж байсан.  Надад ч гэсэн өөрийн үр хүүхдүүдээ баярлуулчихсан юм шиг л сайхан байдаг. Нас ахиж байгаа надад бол энэ буян. Сэтгэл гаргаад сайхан хоол хийж өгөхөд хөлс нь асгараад “Ямар сайхан болов оо” гэж байхыг нь харахаар  үнэхээр сайхан “Овоо доо” гэж л боддог. 

Зарим нь намайг “Ээж ээ” гэж дууддаг юм. Одоо яах вэ дээ дуудаж л байхаас даа. /Инээв/

- Гэр оронгүй эдгээр иргэдээс энэ хугацаанд амьдрал нь өөрчлөгдөөд, зөв замруу орсон хүн байгаа юу?

Танайхаас гайгүй хүн байвал малчин болгоод авчихъя гэсэн хүн ирдэг юм зарим нь хөдөө явчихсан. Гурван залуу хөдөө ажиллаж байгаад амралтаараа ороод ирлээ таны хоолыг санаад гэж байсан хувцас хунар царай зүс нь сайхан болоод ирж байгаа юм чинь. Ээ дээ энэ замруугаа битгий л ороорой одоо ажлаа хийгээд л яваарай залуу хүмүүс амьдралаа аваад яваарай гэсэн. Одоо сар амраад л ажилдаа гарна гэж байсан.

- Энд хамгийн залуу нь хэд орчим насны хүн ирж байна. Гэр оронгүй иргэд залуужаад байгаа юм шиг харагдаад байх юм?

Жил ирэх тусам хүмүүс олшроод залуужаад байгаа нь анзаарагддаг шүү. Хоёр залуухан эрэгтэй эмэгтэй ой хоёр сартай хүүхэдтэй хүн ирдэг юм. Энд ирж байгаа хүмүүс өег байхаа бодоод өөхтэй хоол хийж өгөхийг гуйдаг юм. Тэгэхээр хүүхдийг нь өрөвдөөд тусад нь жаахан хоол хийж өгдөг лдөө. Тэр хүүхдийн ээж нь орхиод явчихсан юм гэнэ лээ. Бид хоёр энэ хүүхдийг үрчилж авах гэж байгаа юм гэхээр нь тар нарыг хүсвэл би асрамжийн газарт хүүхдийг нь өгье гэхэд бид хоёр өдий насны хүмүүс хүүхэд гаргана гэж байхгүй ээ. Тийм болохоор хүүхдийг нь өргөж авах гэсэн юм гэж  байна лээ. Хамгийн настай нь Дарь эхээс нэг хөгшин хоёр ачтайгаа ирдэг. Бага нь нэгдүгээр анги, том нь гуравдугаар ангид сурдаг. Хичээлээс нь хүүхдүүдээ аваад  л хар хурдаараа ирдэг юм. Ганц хүний тэтгэвэр амьдрал нь хүрэлцдэггүй гэсэн. Ээж дээрээ очиход яадаг юм бэ? гэхэд манай хойд аав загнаад байдаг гэсэн.

- Та цаашдаа энд хэр удаан ажиллах бодолтой байна вэ?

Ер нь хүн мөнхрөхгүй шүү дээ. Тийм болохоор өөртөө ч, үр хүүхдүүддээ ч тэр буян хийе л гэж боддог. Эд нар чинь дандаа ерөөл тавьж байгаа болохоор тэр нь надад сайхан санагддаг байхгүй юу. Тиймээс цаашдаа  энэ байгууллага хэдий болтол оршин тогтноно тэр болтол нь ажиллах юмсан гэсэн сэтгэл байдаг. Эд нарыгаа хоол идээд “ёстой сайхан боллоо” гэхийг нь хараад өрөвддөг юм. Овоо доо хоол нь аштай байждээ л гэж боддог. Ядарсан эдгээр хүмүүст Сайхан сэтгэгдэл төрүүлж л байх шиг сайхан зүйл алга даа.

Жил ирэх тусам энэ тоо өсөж, нас нь залуужсаар байна.

- Эцэст нь төр засаг эдгээр хүмүүсийг яаж харж хандаасай гэж бодож байна?

Гэр оронгүй эдгээр иргэд дотор тахир дутуу голдуу хүмүүс байдаг л даа. Ядаж залуучуудыг нь шүүрдэж аваад гайгүйхэн шиг л ажилд оруулах юмсан л гэж боддог. Уг нь ажиллая, амьдаръя гээд барилга дээр ажиллахаар цалин мөнгийг нь өгдөггүй болохоор л больчихдог юм шиг байгаа юм. Эд нар ч бас итгэлийг нь даадаггүй ч байж болох юм.Заримдаа энэ тэнд сургалт семинар болоход зугатаад алга болчихдог. Яагаад очдоггүй юм гэхэд: Үгүй ээ наадуул чинь бариад явчихдаг юм гэдэг.  Гол төлөв баривчилна гэсэн нэг л хаширсан улсууд байдаг. Заримдаа ачилт явагдаж байгаа гэж яриад байдаг. Ачилт гэхээр эд нарыг бөөгнөрүүлээд хотоос гаргадаг гээд л байдаг юм. Хаана аваачиж яадгыг нь сайн мэдэхгүй л дээ.

Бид хоёрыг ийнхүү ярилцаж байх үед цагийн зүү 12.30-ыг зааж, хаалга онгойж, эхний ээлж яг л цагтаа орж ирлээ.Нөгөө бидний гудамжинд таарахдаа амаа таглаж, хяламхийж өнгөрдөг хүмүүс яг л гэртээ ирж байгаа шиг нэг л элгэмсүү. Сайхан амарсан уу? гэж мэндлэн дуу хөөр болцгоон орж ирлээ. С.Дуламсүрэн гуай ч: За миний ажил эхэллээ дээ. Манай хэд ирж байна хэмээн босон харайж хоолны өрөө рүү алхлаа. Алхаан дундуураа хамгийн түрүүнд орж ирсэн нэгэн рүү харж: Хөөе манай Н. минь  Сайн уу? Чи минь овоо шдээ өнөөдөр эрт ирлээ” хэмээн сайшааж С.Дуламсүрэн гуайн ч ажил эхэллээ. Түүнд энэ өдрийн ээлжний харуул нь хоол зөөж туслалаа. Дөнгөж саяхан л хөндий байсан хоолны зал төд удалгүй хүнээр дүүрч, энд мишээсэн тэнд нэгнийхээ мэндийг эрсэн хүмүүсээр дүүрлээ. Нөгөө нийгэмд хог шаар мэт ад үзэгдсэн хүмүүс эд нар мөн үү? гэлтэй.

Нээрээ ч өнгө мөнгөний хорвоод бид нүдээ таглуулаа юу даа. Омогших зүрхтэй, Монгол цустай бидний ард түмний нэгэн төлөөлөл энд цуглажээ. Ажлын ачаалал , даарсан хөрсөнөө эдгээр хүмүүс энд л мартжээ.Үрчлээ суусан духнаас нь үл ялиг хөлс гялтганаж: Ай даа сайхан боллоо гэж хэлэх нэгний дуу энд тэндгүй л сонсогдоно. Эхний ээлж хооллож дуусахад дараагийн ээлж үүдэн дээр аль хэдийнээ оочирложээ. Энэ зуур сэтгүүлч би бээр хооллохоор ирсэн хүмүүстэй түр ярилцлаа.    

- Сайн байна уу?  Та өөрийгөө танилцуулна уу?

Намайг Ариунаа гэдэг. Би одоо 37 настай. Өөрийн гэсэн гэр оронгүй болохоор нөхрийнхөө хамт Баянхошуунд айлаар амьдардаг. Яг бид хоёр шиг гэр оронгүй айлаар хоног төөрүүлдэг хүмүүс олон байдаг.

- Өнөөгийн нийгмийн амьдрал ямар байна. Та санал бодлоо хуваалцаач?

Нийгмийн амьдрал хэцүү дарамтын амьдралд өдрийг өнгөрөөж байна. Төр бол биднийг хаясан. Ядаж л залуучуудыг ажилтай болгоод дэмжих хэрэгтэй байна. Ядуучууд ер нь яаж ч амьдарсан яах вэ? гэсэн бодолтой байна. Энэ дотор ажиллая, амьдаръя гэсэн залуус байгаа. Энэ байдалдаа дасчихсан нэгэн ч бий. Ажиллахаар хамгийн гол нь цалинг нь өгөх газар ховор байгаагаас лааз шил түүхээс өөр аргагүй байдалд оруулчихаад байна. Миний  хувьд архи тамхи хэрэглэдэггүй. Амьдрахын төлөө их зүтгэсэн зах дээр гурил, ачаа үүрч тор зарж, биеийн хүчний ажил хийдэг байсан. Одоо Нарантуул зах шатаад ажиллах боломжгүй болсон.

- Энд гэр оронгүй иргэдийг хооллож ундалж байна. Та энд хэзээнээс ирж хоол идэж эхэлсэн бэ?

Би энэ газрыг байгуулагдсан цагаас нь эхэлж ирсэн. Одоо бараг 13 жил ирж байгаа юм уу даа. Гэр оронгүй иргэдийг хооллож ундалдаг Дуламсүрэн эгчдээ баярлалаа л гэж хэлмээр байна. Бид нарыг даарч хөрж байхад хооллож аль чадах хэмжээгээрээ тусладаг энэ хүмүүсийн буян дэлгэрэх байх аа.

Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг шиг. Эдгээр хүмүүс дотор бүсгүй хүн ээж хүн нэлээд олон харагдана. Хүүхдээ дагуулсан,балчираа тэвэрсэн нүд хальтрам дүр зураг. Гэдэс өлсгөлөн хоол нэхэх хүүхдийнхээ гэдэсийг нь цатгахын тулд хол газраас хөлийн хурдаар энд ирнэ.Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ дагуулж хоол идэхээр ирсэн 50 орчим насны эмэгтэйгээ түр уулзлаа.  

- Сайн байна уу?  Таныг хэн гэдэг вэ?

Намайг Мөнхөөгийн Гүнддулам гэдэг. Одоо 53 настай. Гурван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Одоо хүүхдүүдийнхээ хамт Баянзүрхийн 12-р хороонд амьдардаг. Ажил хийх гэхээр нас гологдоод байгаа болохоор ийнхүү сав лааз түүж амьдарч байна даа. Одоо бараг хүн болгон түүж байгаа болохоор сав лааз ч олдохгүй болоод байна даа.

- Та хүүтэйгээ байнга цуг явдаг уу?

Тиймээ манай хүү хөгжлийн бэрхшээлтэй байнгийн асрамжинд байдаг юм. Гараас салгаж болохгүй болохоор хүүгээ дагуулаад л сав лаазаа цуглуулдаг. Энэ хүүгээ группт оруулах гэсэн чинь шинжилгээ өгөхөд 12 мянган төгрөг хэрэгтэй гээд оруулж чадаагүй л байна. Ганц өдөр ч гэсэн гэдэс цатгалан байх нь л гэр оронгүй иргэдийн зорилго болчихоод байна. Төр засаг хэн бүхнээс илүү бидэнд ийм сэтгэл гаргаж байгаа Дуламсүрэн гуайд баярлалаа гэсэн үг ч багадах байх аа.

Хооллох хуваарь яг цагтаа эхэлж, яг цагтаа дуусна.  Хооллож дууссан эхний хүн дараагийн хүндээ ширээ тавьж өгнө. Баярлалаа Дуламсүрэн эгчээ. Би шалийг тань угаагаад өгөх үү гэх зэрэг. Нэгнийгээ хайрласан, баярлаж талархсан үгнүүд хөвөрнө. Үнэхээр ч сайн үйл сайн үйлдлийг дагуулдаг юм байна. С.Дуламсүрэн гуайн сэтгэлээсээ хийсэн аяга шөлөнд цадсан урамшсан, царайд нь гэрэл цацарсан хүмүүс эндээс гарна.

-С.Дуламсүрэн гуай: Ойр хавийн хүмүүс надад ер нь дургүй байдаг юм. Янз бүрийн хүмүүс цуглууллаа гээд. Би эд нартаа хэлдэг юм энэ тэрүүгээр яваад байхгүй хоолоо идээд шууд л яваарай гэдэг. Тэгэхгүй бол энэ газар хаагдчихвал та нар минь л хоолгүй хэцүүдэнэ гэдэг юм гэлээ.

Ийнхүү цагийн зүү 14.00 –ыг зааж хамгийн сүүлийн хүн хоолны залнаас гарлаа. Өнөөдрийн С.Дуламсүрэн гуайн гол ажил дууссан ч түүний өрөөгөө цэвэрлэх аяга тавгаа угаах гээд үргэлжлэх ажил мундахгүй. Харин эндээс гэдэс цатгалан гарсан хүмүүс гудамж тойрон хотыг цэвэрлэх цаг наргүй ажилдаа яаран алхлаа. Гадаа нэлээд хүйтэн байгаа ч эдгээр хүмүүсийн гэдэс цатгалан, сэтгэл амгалан.  

Ай даа... Хүмүүс минь амьдрах сайхаан. “Аз жаргал” гэдэг сэтгэлийн их амар амгалан, бусдад бэлэглэх их хайр юм болов уу даа. Эдлэх эд, үрэх мөнгөөр хэмжигдэхээргүй зүйл бол хүн чанар, бусдын төлөө гэсэн ариун их сэтгэл гэлтэй С.Дуламсүрэн гуайн сэтгэлээ гаргаж хийсэн халуун шөл олон хүнд амьдрах сэтгэл бусдын төлөө гэсэн хүний мөс хайлаагүй гэдгийг харуулаад ч байх шиг. Монгол орны минь цэнхэр тэнгэр нь үргэлж цэлмэг. Монгол хүн бүрийн цохилох зүрх нь үргэлж бусдын төлөө байгаасай.

Б.Мөнхдалай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ТТБ-аас гаргасаныг нь дурьдсан л байна шүү дээ. Гол нь энэ эгч эдгээр хүмүүсийн дунд ажиллаж сайхан муухай бүхнийг нь хийдэг юм байна баярлалаа
2016/04/06 103.17.108.42
Budapest
saina bn uu Duyaa egchee utasniha dugariig holbogdii ygal hevere bn shu ta min , saihan humuus baidiim
2016/04/06 103.17.108.42
Сэтгэл зуйч
их сайхан мэдээ гэгээлэг буянтай уйлс бна. Бодь зул ТББ болон 13 жил энэ буянтай ажлаа чин сэтгэлээсээ уйгагуй хийж байгаа Дуламсурэндээ болон ур хуухэд гэр булд нь эруул энх, аз жаргал, амар амгалан бухнийг хусье
2016/04/06 103.17.108.42
Үнэгүй хоол унд бусад зардлыг нь "Бодь зул" ТББ-с гаргаж байгаа байтал зүгээр тогоочид нь бүх гавьяаг нь өгч байгаа нь шударга бус байна
2016/04/05 103.17.108.42
иргэн
эдгээр хүмүүсийг архинаас гаргаж ажилд оруулж сайхан байлгах гэж ах дүү хамаатан садан төр засаг мааш олон удаа зүтгэсэн боловч харамсалтай нь бүгд талаар болсон энэ хүмүүс бэлэнчлэх өөрсдийгөө дайлчилж хүн шиг амьдрах санаа зорилго даанч хомс байдаг нь х
2016/04/05 103.17.108.42
Pee ene chin yasan buyntai hun be gegeeleg shn medee bna bayrllaa
2016/04/05 103.17.108.42
ааа
Энэ хүн чин сарын цалин гэж мөнгө авдаг шүү дээ. Хааяа бас хэтрүүлэх юмаа
2016/04/05 103.17.108.42
Sn bnu chuhal.mn 99118318 utsaar holbogdoj bolno
2016/04/05 103.17.108.42
Ёстой сайхан мэдээ байна. Хаяг нь юу юм бол ? Боломжоороо тусламаар байна
2016/04/05 103.17.108.42
Найзын маань ээж их сайхан сэтгэлтэй хүн байдаг юмаа.
Иргэн
2016/04/05 103.17.108.42
Зочин
Архи л уухгүй бол амьдарч болно доо ажилсаг хүн байвал орцны жижүүрийн ажил гардийн бна лээ хамгийн гол нь итгэл даах хэрэгтэй дээ
2016/04/04 103.17.108.42
Цалингаасаа дээш гардаг бол энэ эмэгтэйд хувцас хунар хоол аваачиж өгч буян болохсон. Ядарсан хүмүүст өгнө биз
2016/04/04 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment