8o
Улаанбаатар хот
mobile menu

3 хувийн зээлтэй холбоотой түгээмэл асуултад хариулт өглөө

2021-03-16 11:00:00

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгасан “Ажлын байрыг дэмжих зээл”-тэй холбоотой аж ахуйн нэгж, иргэдээс ирж байгаа түгээмэл асуултуудад Монголбанкнаас хариулт өгчээ.

1.      Зээлийг хаанаас авч болох вэ?

Та харилцдаг арилжааны аль ч банканд хандаж зээл авах хүсэлтээ гаргах боломжтой. Одоогоор арилжааны банкууд хүсэлт хүлээн авч, шаардлагатай зээлийн материал бүрдүүлэн олгож эхлээд байна.

2.      Зээлийн нөхцөл юу вэ?

Нэг зээлдэгч буюу аж ахуйн нэгж, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500 сая төгрөг хүртэл, зээлийн хугацаа 3 жил хүртэл, зээлийн жилийн хүү 3 хувь, эргэн төлөлтийн график сар бүр тогтмол дүнгээр төлөгдөх нөхцөлтэй.

3.      Зээлийн зориулалт юу вэ?

Зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулахад шаардагдах эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх, банкнаас  ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх юм.

4.      Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгө хангалтгүй бол Зээлийн батлан даалтын сан оролцож байгаа гэсэн. Ямар нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээд хамрагдах вэ?

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл)-т батлан даалт гаргана.

5.      Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн тодорхойлолт хаанаас авах вэ? Банканд өгөх шаардлага байгаа юу?

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан буюу 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангасан бол заавал тодорхойлолт шаардахгүй.

6.      Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч биш бол 3 хувийн хүүтэй зээлд хамрагдаж болохгүй гэсэн үг үү?

Зээлийн батлан даалтын санд хамрагдаагүй зээлдэгчийн хувьд салбар харгалзахгүй олгох боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн зээлдэгч, аж ахуйн нэгж банкны барьцаа хөрөнгийн шаардлага болон бусад зээлийн шаардлага хангасан бол зээлд хамрагдах боломжтой.

7.      Зээлийг эхний хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх үү?

Зээлийн эргэн төлөлтийн нийт төлбөр сар бүр тогтмол дүнгээр төлөх бөгөөд 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй хугацаагаар үндсэн төлбөрөөс чөлөөлөх боломжтой. Банктайгаа харилцан ярилцаж, зээлийн эргэн төлөлтийн графикт энэ талаар тусгах боломжтой.

8.      Ажлын байрыг дэмжих зээл хэдий хугацаанд олгох вэ?

Зээлийг энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

9.      Хамаарал бүхий этгээд гэдгийг юу гэж ойлгох вэ?

“Хамаарал бүхий этгээд” гэж тухайн аж ахуйн нэгжийн хувьцааны 50 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно.

10.  Зээлдэгчид тавигдах шаардлага нь юу байгаа вэ?

a)      Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;

b)      Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.

c)      Энэ заалтын а-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг Татварын ерөнхий газар, НДЕГ-ын лавлагаагаар тодорхойлно.

11.  Өмнө нь Зээлийн батлан даалтын сангаар зээл авсан байгаа. Энэ зээлээ дахин санхүүжүүлэх хэлбэрээр зээл авч болох уу?

Болно. Дахин санхүүжилтийн зээлд хамрагдаж болно. Гэхдээ таны энэ зээл Зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжгүй. Учир нь Зээлийн батлан даалтын сангийн 3 хувийн зээлд гаргаж буй батлан даалт зөвхөн шинээр олгож буй зээлд хамаарна.

12.  Зээлийн 3 хувийн хүүг ямар нөхцөлд цуцлах вэ?

Зээлдэгч зээлийн төлбөр (зээлийн үндсэн төлбөр, эсвэл хүүгийн төлбөр)-ийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, бусдад дамжуулан зээлдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан бол зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцалж, хүүгийн дэмжлэггүй бизнесийн зээлд шилжүүлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment