Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд залууст чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах А/210 тушаалыг баталсан.
Энэхүү үйл ажиллагааг “Идэр”- их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд үндэсний хэмжээнд Залуус- тэтгэлэгт хөтөлбөрийг 32 залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан зарлаж нийт 17 оюутан тэтгэлэгт хамрагдаж 2021-2022 оны хичээлийн жилд үнэ төлбөргүй суралцах эрхээ авсан.
Тэгвэл өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Идэр их сургуулийн захирал Д.Зоригт нар тэтгэлэгт хамрагдсан залуус болох Б.Мягмарсүрэн, Ц. Мөнхсүлд, Л.Ариунаа, П.Отгонбаяр нарт Идэр их сургуульд үнэ төлбөргүй суралцах батламжийг нь гардуулж өглөө.
Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар “Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд Залуус- тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж нийт 17 хүүхэд их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхтэй болсон.
Үүнээс төлөөлөл болгож Дундговь, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс ирсэн хүсэлтийг үндэслэн 4 залууг Идэр их сургуульд үнэ төлбөргүй сургах батламжийг нь гардуулж байна. Залуус та бүхэн энэ их итгэл найдварыг зөвөөр хэрэгжүүлж, ирээдүйд сайн боловсон хүчин болох нь улс эх орондоо оруулж буй том хувь нэмэр юм шүү. Мөн Ажлын байранд дадлагажуулах төсөл хөтөлбөрүүдэд залуучуудыг хамруулах, үйлдвэрлэл дээрх сургалтын болон сургалтын тусгай арга хэлбэрүүдийг нэвтрүүлж “Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв” –ийг байгуулах, сайн дурын ажилтан бүртгэх баталгаажуулах журмын хэрэгжилтийг хангах ажлыг хамтран зохион байгуулахаар Идэр их сургуультай хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна.” гэв
Өвөрхангай аймгаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан Б. Мягмарсүрэн “ Бидний ирээдүйн төлөө маш том итгэл хүлээлгэж, хөрөнгө оруулалт хийж буй та бүхэндээ баярлалаа. Бид хичээнгүйлэн суралцаж, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болохын төлөө суралцах болно” гэлээ.
Тэтгэлэгт хамрагдсан залуучууд Идэр их сургуульд хүссэн мэргэжлээ сонгон суралцах эрхтэй юм.